40 жилийн өмнөх хүн амины хэргийг зажилсан бохиор нь илрүүлжээ
Вашингтон мужийн Снохомиш гүнлэгийн шүүхэд 68 настай Митчелл Гафф гэгч нь 40 гаруй жилийн өмнө хоёр эмэгтэйн амийг хөнөөсөн хэргээ хүлээн зөвшөөрчээ.
Цагдаагийн мөрдөгчид нууц ажиллагааны үеэр сэжигтнээс зажилсан бохины дээж авч, ДНХ-ийн шинжилгээ хийснээр 1980-аад оноос хойш илрээгүй байсан онц ноцтой гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэх боломж бүрдсэн байна.
Гэмт этгээд нь Сюзан Веси болон Жудит Уивер нарыг хүчирхийлж, амь насыг нь хохироосон болох нь тогтоогджээ. Хохирогч Сюзан Веси нь 1980 оны долдугаар сарын 12-нд буюу 21 насны төрсөн өдрийнхөө маргааш гэртээ бусдын гарт амиа алдсан байдалтай олдсон бөгөөд цогцсыг нь түүний нөхөр анх олж харсан байна. Харин Жудит Уиверийн хувьд 1984 оны зургадугаар сарын 2-нд Эверетт хотын Ракер өргөн чөлөөнд байрлах гэрт нь гал гарсны улмаас аврах ангийнхан очих үед амь үрэгдсэн байдалтайгаар олдож байжээ.

Энэхүү ээдрээтэй хэргийн зангилаа 2024 оны нэгдүгээр сард тайлагдсан юм.
Эверетт хотын цагдаагийн газрын мөрдөгчид бохь үйлдвэрлэгч компанийн судлаачийн дүрд хувиран, Олимпиа хот дахь сэжигтний гэрт очжээ. Тэд энгийн хувцаслаж, шинэ амт шалгах судалгаанд оролцохыг санал болгосон байна. Митчелл Гафф хэд хэдэн төрлийн бохь зажилж, зориулалтын саванд хаясан нь мөрдөгчдөд ДНХ-ийн үнэт дээж болжээ.
Уг дээжээс ялгаж авсан шүлсийг холбооны CODIS мэдээллийн санд оруулахад 1980 болон 1984 оны хэргийн газраас олдсон биологийн ул мөртэй яг таарсан байна.
Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн нь бэлгийн гаж донтой, олон жилийн турш нийгэмд аюул учруулж байсан цуврал гэмт хэрэгтэн болох нь батлагдсан.
Тэрээр 1980-аад оны үед ганцхан өдрийн дотор 30 орчим эмэгтэй рүү халдахыг оролдсон гэдгээ өмнө нь мэдүүлж байжээ. Түүнчлэн 1984 оны наймдугаар сард тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа айлын гэрт нэвтэрч, 14 болон 16 настай эгч дүүсийг хүлж хүчирхийлсэн хэргээр ял эдэлж байсан түүхтэй аж.
Митчелл Гафф хоёр эмэгтэйн амийг хөнөөсөн хэргээ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхийн эцсийн шийдвэр тавдугаар сарын 13-нд гарах товтой байна. Тэрээр бүх насаар нь хорих ялаар шийтгүүлэх магадлалтай бөгөөд энэ нь 40 гаруй жил хүлээгдсэн шударга ёсыг тогтоож, хохирогчдын ар гэрийнхэнд сэтгэлийн тайтгарал авчрах чухал үйл явдал болж байна.
Эх сурвалж:
• wfmd.com
• kesq.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.