БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах, санал хүсэлтийг нь шууд сонсох, байгаль орчны салбарын бодлого, үйл ажиллагааг нээлттэй танилцуулах зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр зохион байгуулж байна.
 
Өдөрлөгийн нээлтэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир оролцож, төрийн үйлчилгээ ил тод, ойлгомжтой, иргэдэд ойр байх ёстойг онцлон тэмдэглэв.
 
Тэрбээр нээлттэй хаалганы өдөрлөг нь зөвхөн мэдээлэл өгөх арга хэмжээ биш. Иргэдийн оролцоонд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлэх, төр иргэддээ нээлттэй байх бодит алхам юм. Монгол Улсын Засгийн газрын "Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгаль орчны салбарын зөвшөөрлийн тогтолцоог шинэчилж, 47 төрлийн зөвшөөрлийг 37 болгон бууруулах ажлыг эхлүүлсэн. Цаашид зөвшөөрлийг үе шаттайгаар цөөлж, бүрэн цахимжуулах замаар иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.
 
Мөн байгаль орчны хяналтыг зөвхөн торгох, үйл ажиллагаа зогсоох хэлбэрээс илүүтэй зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх тогтолцоо руу шилжүүлж, байгаль хамгаалалд иргэд, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд байгальд ээлтэй үйл ажиллагаа хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдэд татварын 1 хувийн хөнгөлөлт олгох механизмыг эхлүүлснийг онцлов.
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.