Жэффри Эпштейний амиа хорлохын өмнөх зурвасыг ил болгов
АНУ-ын Дүүргийн шүүгч Кеннет М.Карас бэлгийн хүчирхийллийн хэргээр ял сонссон Жэффри Эпштейний бичсэн гэх амиа хорлохын өмнөх зурвасыг 2026 оны тавдугаар сарын 6-ны лхагва гарагт олон нийтэд ил болголоо.
Олон жилийн турш нууцалж байсан уг баримт бичиг нь түүнтэй нэг өрөөнд хоригдож байсан хүнтэй холбоотой эрүүгийн хэргийн хавтаст хэрэгт хадгалагдаж байсан бөгөөд "The New York Times" сонины хүсэлтээр ийнхүү ил болж байна.
Шар өнгийн цаасан дээр бичсэн, гарын үсэггүй уг зурваст бичигчийн бухимдал, цөхрөл тодорхой туссан байна.
Зурваст "Намайг хэдэн сарын турш шалгасан ч ЮУ Ч ОЛООГҮЙ!!!" хэмээн бичээд, эцэст нь олон жилийн өмнөх хэргүүдээр буруутгагдсанаа дурджээ. Түүнчлэн "Салах ёс гүйцэтгэх цагаа өөрөө сонгох нь нэг төрлийн таашаал юм", "Намайг яагаасай гэж хүсээ вэ, уйлаад унаасай гэж үү!!" гэх мэтээр бичсэн байв. Мөн "ХӨГЖИЛТЭЙ БИШ" гэсэн үгсийн доогуур зурж, төгсгөлд нь "ҮҮНИЙ ТӨЛӨӨ ЗОВОХ ХЭРЭГГҮЙ!!" хэмээн онцолсон байна.
Энэхүү зурвасыг 2019 оны долдугаар сард Манхэттены доод хэсэгт байрлах Метрополитан хорих төвд Эпштейнтэй нэг өрөөнд хоригдож байсан хуучин цагдаагийн ажилтан, дөрвөн хүний амь хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Николас Тартаглионе олжээ. Тэрээр уг гар бичмэлийг тэдний дундын өрөөнд үлдээсэн ном, эсвэл зурагт хуудасны завсраас олсон гэж мэдүүлсэн байна. Энэ үйл явдал нь 2019 оны долдугаар сарын 23-нд Эпштейн хүзүүгээ даавуугаар боож, амиа хорлохыг завдсан бүтэлгүйтлийн дараахан болсон юм.
Тухайн үед Эпштейн өрөөний найз Тартаглионег өөрийг нь хөнөөхийг оролдсон гэж буруутгаж байсан ч сүүлдээ энэ мэдүүлгээсээ буцсан байдаг.
Тартаглионе өөрийгөө гэм буруугүй гэдгийг нотлох, мөн Эпштейнийг амиа хорлох хандлагатай байсныг батлах зорилгоор уг зурвасыг өмгөөлөгчдөө нотлох баримт болгон өгчээ.
Үүнээс хэдхэн долоо хоногийн дараа буюу 2019 оны наймдугаар сарын 10-нд насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт ашигласан хэргээр шүүх хуралд оролцохынхоо өмнө Эпштейн өрөөндөө амиа хорлож нас барсан байдалтай олдсон билээ. Уг баримт бичиг нь өмгөөлөгч болон үйлчлүүлэгчийн нууцын эрх зүйн маргааны улмаас олон нийтээс далд байсан бөгөөд Хууль зүйн яамны мөрдөн байцаагчид ч үүнийг олж хараагүй байжээ.
Тартаглионе ярилцлага болон подкастын үеэр зурвасын агуулгын талаар олон нийтэд ярьсны дараа "The New York Times" сонин шүүхэд хандаж, баримтыг ил болгохыг шаардсан байна. АНУ-ын прокурор Жей Клейтон тэргүүтэй холбооны прокурорууд уг хүсэлтийг дэмжиж, Тартаглионегийн олон нийтэд хийсэн мэдэгдэл нь нууцлалыг цуцлах үндэслэл болсон гэж үзжээ. Хэдийгээр хэвлэл мэдээллийн байгууллагууд уг зурвасыг Эпштейн бичсэн эсэхийг албан ёсоор баталгаажуулаагүй ч, Тартаглионегийн өмгөөлөгчдийн гаргасан хууль зүйн баримт бичигт үүнийг Эпштейний гар бичмэл мөн болохыг өмнө нь нотолсон байдаг нь энэхүү дуулиант хэргийн эргэн тойрон дахь нууцлаг асуудлуудыг дахин хөндөхөд хүргэж байна.
Эх сурвалж:
• krdo.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.