Германы Лайпциг хотод автомашин явган зорчигчдыг дайрч хоёр хүн амиа алджээ
Германы Саксон мужийн Лайпциг хотын төвд 2026 оны тавдугаар сарын 4-ний даваа гаргийн 16:45 цагийн орчимд хүн амын хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд автомашин явган зорчигчдыг дайрсан ноцтой хэрэг гарчээ.
Уг ослын улмаас хоёр хүн газар дээрээ амиа алдаж, олон тооны иргэн хүнд болон хөнгөн хэлбэрээр бэртэж гэмтсэн байна.
Саарал өнгийн "Volkswagen Taigo" загварын автомашин Аугустусплатц талбайгаас Гриммаише гудамж уруудан Нашмаркт талбай чиглэлд цагт 70-аас 130 километрийн хурдтайгаар давхисан болохыг гэрчүүд мэдээлжээ. Жолооч явган хүний гарц болон худалдааны бүсээр дайран өнгөрөхдөө хүмүүсийг хоёр ч удаа мөргөсөн бөгөөд Гэгээн Томас сүмийн ойролцоох хамгаалалтын шонг мөргөснөөр зогссон байна. Ослын газарт онцгой байдлын 40 гал сөнөөгч, 40 эмнэлгийн ажилтан болон хоёр нисдэг тэрэг яаралтай хүрэлцэн ирж, олон хүнийг хамарсан гамшгийн үеийн тусламж үзүүлжээ.
Энэхүү эмгэнэлт явдлын улмаас 63 настай эрэгтэй, 77 настай эмэгтэй нар хүнд бэртлээ даалгүй амиа алдсан бол өөр гурван хүний биеийн байдал маш хүнд байна. Түүнчлэн 20 орчим хүн хөнгөн гэмтэл авч, сэтгэл санааны цочролд оржээ.
Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт 33 настай, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан Германы иргэнийг баривчилсан бөгөөд сэжигтэн эсэргүүцэл үзүүлээгүй байна. Тэрээр толгойгоо хуссан, биеэрээ дүүрэн шивээстэй нэгэн байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт сэтгэцийн эмнэлгээс гарсан байсныг албаныхан тогтоожээ.
Прокурорын байгууллагаас уг этгээдэд хоёр хүний амь насыг хөнөөсөн, мөн хоёр хүний амь насанд халдахыг завдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Саксон мужийн Дотоод хэргийн сайд Армин Шустер болон бусад албаны хүмүүс энэ үйлдлийг санаатайгаар хийсэн халдлага байх магадлалтай гэж үзэж байгаа ч сэтгэцийн эрүүл мэндийн асуудал голлон нөлөөлсөн байж болзошгүйг онцолсон юм. Лайпциг хотын дарга Буркхард Юнг уг үйл явдлыг "аймшигт эмгэнэл" хэмээн тодорхойлсон бол Саксон мужийн Ерөнхий сайд Михаэль Кречмер гүн эмгэнэл илэрхийлж, хэргийг бүрэн дүүрэн мөрдөн шалгахаа амлалаа.
Одоогоор сэжигтэн ганцаараа үйлдэл хийсэн нь тогтоогдсон тул олон нийтэд дахин аюул заналхийлэхгүй гэдгийг цагдаагийн газраас мэдэгдээд байна. Мөрдөн байцаагчид хэргийн газарт үргэлжлүүлэн ажиллаж, үйл явдлын нарийн дарааллыг сэргээн тогтоохоор нотлох баримт цуглуулж байгаа бөгөөд энэхүү халдлага нь нийгмийн аюулгүй байдал болон сэтгэцийн өвчтэй иргэдийн хяналтын тогтолцоонд томоохон асуулт үлдээлээ.
Эх сурвалж:
• scmp.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.