Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гарагт шийднэ

Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гарагт шийднэ

Цэц өөрийн сайтдаа 2026 оны гуравдугаар сарын 26-нд нэг мэдээ тавьжээ. 

"Нэр бүхий иргэний мэдээллийн дагуу Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар дөрвөн жил байна гэж заасан нь Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн, Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэж заасныг зөрчсөн эсэх асуудлаар Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байна" гэсэн.

Ерөнхийлөгч төвтэй улс төрийн халуун үйл явдлуудтай зэрэгцээд энэ маргаан үүссэн нь сонин.

Цэц дахин 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд "Дээрх маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдаан 2026 оны тавдугаар сарын 8-ны 09:30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно" гэж зарлалаа. Тавдугаар сарын 8-ны өдөр бол баасан гараг.

Цэцийн энэ хуралдаанд яагаад анхаарах ёстой вэ?

Энд маргаан үүссэн. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгон өөрчилж, нэг удаа сонгогдохоор зохицуулсан нь 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хийгдсэн. Тэрхүү нэмэлт өөрчлөлтөөс хойш долоон жил өнгөрч. Уул нь Үндсэн хуульд нийцүүлэн бусад хууль тогтоомж, дүрэм, журмыг өөрчлөх нь Үндсэн хуулийн дээд хүчин чадлыг хангах, эрх зүйн нэгдмэл байдлыг тогтооход чиглэсэн ажил. Гэсэн нь Ерөнхийлөгчийн тухай хуулийн энэхүү заалтыг Үндсэн хуульд нийцүүлсэнгүй явж ирж. Харин санал санаачилга 1-2 хууль тогтоогчоос гарч байсан.

2021 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлсэн Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн барихаар манай яам ажиллаж байна. 70 гаруй хуулиар Ерөнхийлөгчид олгосон эрхийг хязгаарлах төсөл бичиж байгаа. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл, Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 дэх заалтад "Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэсэн заалттай холбоотой” хэмээн хэлж байлаа.

2024 оны нэгдүгээр сарын 24-нд УИХ-ын гишүүн Н.Энхболд "Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх шаардлага бий" гэж мэдэгдэж байсан. Өөрчлөхөөр алхам хийж үзсэн. Гэвчиг дуусгаж чадаагүй, өөрөө Элчин болоод явж одсон. 2025 оны 9 сарын 17-нд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний санаачилсан Ерөнхийлөгчийн тухай хууль d-parliament-д байршсан. Тэрнээс хойш "Боловсруулагдаж байна" гэдэг мэдэгдэлтэйгээ байсаар байна.

Эд нарын аль нь ч ажил болоогүй. Сураггүй болсон.

Ерөнхийдөө, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хууль зургаан жилээр нэг удаа гэсэн байтал Ерөнхийлөгчийн тухай хуульд дөрвөн жил байна, энэ хууль зөрчлөө гэдэг бол Цэцээр шийдэх маргаан огтоос биш.

Үндсэн хуульд 6 жилээр 1 удаа гэж заасан, тэрэнд нийцүүлж Ерөнхийлөгчийн тухай 1993 оны хуулийг өөрчлөөд л болох асуудал.

Гэвчиг, энэхүү зөрчилтэй 7 жил яваад гэнэт Цэц рүү орж ирсэн нь асуудлын гол энэндээ биш гэдэг хардлагыг үүсгэж байгаа.

Хэрэвзээ, Ерөнхийлөгчийн тухай хууль Үндсэн хуультай харшлаад байна гэж үзэхүл тэр харшлаад зөрөөд байгаа нь зөвхөн бүрэн эрхийн хугацаа биш. Өөр олон юм байгаа.

Уулаасаа, эдүгээ ч төрийн зовлон болоод, тэр нь дамаараа ард нийтийн дарамт болоод байгаа Ерөнхийлөгч ба Засгийн газар зэрэгцээд гүйцэтгэх засаглал гэдэг ижилхэн малгай өмсдөгийг нэгэнд нь үлдээх санаагаар 2019 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийсэн.

Монгол Улс парламентын засаглалтай.

1992 онд баталсан Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн институт байхаар хуульчилсан. Ерөнхийлөгчийн институт нь төрийн эрх мэдлийн байгууллагуудын тогтолцоонд өвөрмөц байр суурьтай.

Үндсэн хуульд "Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлнэ" гэсэн. Энүүгээр, Ерөнхийлөгчийн институт төрийн эрх мэдлийн аль салбарт хамаарахыг зохицуулаагүй нээлттэй орхисон.

Өөрчлөх нь ээ, Монголын төрийн тэргүүн-Ерөнхийлөгч парламентын бусад улсын төрийн тэргүүнүүдээс илүү хүчтэй байх чиглэлийг Үндсэн хуульд баримталсан. Парламентын Бүгд найрамдах улсын төрийн тэргүүн төдийлөн эдлээд байдаггүй хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх, ҮАБЗ-ийг тэргүүлэх зэрэг бүрэн эрхийг Ерөнхийлөгчид олгосон. Тиймийн учраас, Үндсэн хуульд 2019 онд хийсэн нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулиас бусад хуулиудаар Ерөнхийлөгчид өөр эрхүүдийг нэмж олгодог байсан явдлыг эцэс болгохыг зорьсон. Гэлээ гэхдээ, Үндсэн хуульд заагаагүй бусад эрх мэдлийг хэрэгжүүлэх бололцоо нь хаагдсан ч Ерөнхийлөгчид хууль санаачлах гэсэн чухал эрх нь хадгалагдан үлдсэн. Энэ нь эдүгээгийн төр, ард нийтийн хямралын эх үндэс болж буй.

Базах нь ээ, Үнэхээрийн Ерөнхийлөгчтэй холбоотой эрх зүй Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд хүртэл маргах бол зөвхөн бүрэн эрхийн хугацаа нь зургаа байх уу, дөрөв байвал болох уу, сонгогдох тоо нь нэг удаа юу, хоёр удаа юу гэж биш, хэрэгжүүлдэг бүрэн эрх нь Үндсэн хуульд нийцсэн үү гэдэг л чухал. Гэвчиг, Цэц дунд суудлаараа бүрэн эрхийн хугацааг хэлэлцэхээр болж. Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг энэ долоо хоногийн баасан гарагт шийдэх гэж байна...

Ө.Батбилэг 

"Өдрийн сонин"

2026 оны тавдугаар сарын 4

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.