Самсунгийн өв залгамжлалын маргаан эцэслэж, гэр бүлийн хөрөнгө огцом өсжээ
Өмнөд Солонгосын хамгийн том конгломерат болох Самсунг группийг эзэмшигч Лигийн гэр бүл олон жил үргэлжилсэн хууль эрх зүй болон санхүүгийн тодорхойгүй байдлаа эцэслэж, түүхэн эргэлтийн цэгт ирлээ.
2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар тус гэр бүлийн нийт хөрөнгө 45.5 тэрбум ам.долларт хүрч, Азийн гурав дахь хамгийн баян гэр бүлээр тодорсон нь хиймэл оюун ухааны технологийн огцом өсөлттэй шууд холбоотой юм.
Тус группийн өв залгамжлалтай холбоотой маргаан нь 1976 онд үүсгэн байгуулагч ууган хүү Ли Мэн Хиг алгасан, бага хүү Ли Кун Хид эрх мэдлээ шилжүүлснээс эхлэлтэй. Энэхүү ээдрээтэй түүх өнөөгийн тэргүүн Ли Жэ Ёныг тойрсон хуулийн асуудлаар үргэлжилсэн билээ. Тэрээр 2014 онд эцгээ зүрхний шигдээсээр өвдсөний дараа компанийн хяналтыг гартаа оруулахын тулд "Samsung C&T" болон "Cheil Industries" компаниудыг нэгтгэх маргаантай үйл явцад оролцсон юм. Үүний улмаас Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг огцроход хүргэсэн авлигын томоохон дуулиан дэгдэж, Ли Жэ Ён 2017 онд шоронд хоригдож байв.
Гэвч 2025 оны долоодугаар сард Сөүлийн Дээд шүүхээс дээрх нэгдэлтэй холбоотой хувьцаа болон нягтлан бодох бүртгэлийн луйврын хэргүүдэд түүнийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээснээр арван жил үргэлжилсэн хуулийн маргаан албан ёсоор өндөрлөсөн. Энэ үеэр Ли Жэ Ён уламжлалт гэр бүлийн корпорацийн арга барилаас татгалзахаа амлаж, цаашид өв залгамжлалтай холбоотой ямар нэгэн маргаан гаргахгүй байхаа олон нийтэд мэдэгдсэн байна.
Хуулийн асуудлаас гадна тус гэр бүл 2020 онд Ли Кун Хиг нас барсны дараа 12 их наяд вон буюу 8.1 тэрбум ам.долларын, түүхэн дэх хамгийн өндөр өв залгамжлалын татвартай нүүр тулсан юм. Шинжээчид энэхүү өндөр татвар нь гэр бүлийн компани дахь нөлөөллийг сулруулна гэж таамаглаж байсан ч хиймэл оюун ухааны санах ойн чипийн эрэлт нэмэгдсэнээр Самсунгийн хувьцаа огцом өсжээ.
Үүний үр дүнд Лигийн гэр бүл саналын эрхтэй чухал хувьцаануудаа зарахгүйгээр татварын төлбөрөө бүрэн барагдуулж байна. Мөн тэд нийгмийн хариуцлагын хүрээнд "Ли Кун Хигийн цуглуулга" хэмээх соёлын үнэт өв, урлагийн бүтээлүүдийг улсдаа хандивласан бөгөөд эдгээр нь олон улсын үзэсгэлэнгээр дэлхийг тойрч эхэлжээ.
Хууль шүүх болон татварын хүнд дарамтаас бүрэн чөлөөлөгдсөн Ли Жэ Ён дэлхийн тавцанд дахин хүчтэйгээр гарч ирлээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мёны хамт АНУ, Хятад, Вьетнам зэрэг улсуудад төрийн айлчлал хийх үеэр дагалдан явсан юм. Түүнчлэн Шинэ Дели хотноо Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой селфи хийж, "Nvidia" компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуангтай хамт зоог барьж буй зураг нь цахим сүлжээнд олны анхаарлыг татсан нь Самсунг группийн шинэ эрин үе эхэлснийг батлан харуулж байна.
Эх сурвалж:
• scmp.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.