🔴Д.Билгүүдэй: С.Баярцогт EНБД болсон тохиолдолд 2028 оны сонгуульд Ардчилсан нам ялагдана
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Билгүүдэй намынхаа дотоод шинэчлэл болон удирдлагын томилгоотой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр намын рейтинг өсөж байсан хэдий ч С.Баярцогтыг томилсноор эргээд унасан талаар онцлон мэдэгдэв.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Билгүүдэй:
-Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 70 хувьд нь цоо шинэ хүмүүс орж ирсэн бөгөөд тэдний 60 хувийг 18-аас 49 насны залуучууд эзэлж байгаа. Энэ үзүүлэлт нь улсын хэмжээнд нийт сонгогчдын 60 хувийг 18-аас 40 насны залуучууд бүрдүүлж буй бодит тоотой нягт уялдаж байна. Энэ дотоод шинэчлэлийн үр дүнд сүүлийн 10 жилд анх удаа Ардчилсан намын рейтинг эрх баригч намынхаас давсан үзүүлэлт өнгөрсөн гуравдугаар сарын судалгаагаар гарсан.
Гэвч С.Баярцогтыг намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсноос хойш ердөө нэгхэн сарын дотор намын рейтинг хоёр функтээр унасан. Маш амжилттай өрнөж, ард түмний итгэлийг олж авч байсан дотоод шинэчлэлийн алхмууд нэгхэн хүний балгаар ингэж унаж байна. С.Баярцогт хэчнээн сайн стратегич, мундаг улстөрч байлаа ч нийгэм түүнийг хүлээж авахгүй байна. Түүнийг намын удирдлагад тавихгүй байх нь өөрөө нийгмийн захиалга.
Улс төрийн намын үндсэн зорилго нь сонгуульд ялж, ард түмний итгэлийг хүлээн засаглах явдал. Хэрвээ Ардчилсан нам дараагийн сонгуулиудад дахин ялагдвал 16 жил дараалсан ялагдал хүлээх эрсдэлтэй. Энэ нь цаашлаад Монгол Улсад Ардчилсан нам байх шаардлагатай эсэх, улмаар нэг намын дарангуйлалд орох вий гэх нийгмийн сэтгэл зүйг үүсгэх аюултай.
Намын удирдлагад залуу үеэ дэмжих ажиллах хэрэгтэй. Ардчилсан намд мэдлэг боловсролтой, ур чадвартай 1980-аад оны олон залуус байгаа ч намын ахмад гишүүд тэднийг "арай болоогүй" хэмээн үгүйсгэдэг хандлага нь буруу. Эрх баригч МАН-ын хувьд Д.Амарбаясгалан 36 насандаа, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 40 насандаа Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Ардчилсан намд ч мөн адил нийгэмд нэр цэвэр, ёс зүйтэй, хуулийн асуудалд орооцолдоогүй 35-аас 45 насны улстөрчид олон байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.