🔴С.Эрдэнэболд: УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга улс төрд өндөр эрх мэдэлтэй хүмүүсийн ашиг сонирхлыг биелүүлэх ёсгүй

AI хөрвүүлсэн
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Улс төрийн зөвлөлдөө танилцуулсан. Түүний ажлыг хэн үргэлжлүүлэхийг өнөөдрийн Ардчилсан намын бүлгийн хурлаар шийдэх юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдоос тодруулахад "УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга улс төрийн эр зоригтой, сөрөг хүчний үүргээ сайн биелүүлдэг хүн байх ёстой" гэсэн үзэл санаагаа илэрхийллээ. 
 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Ардчилсан намын бүлгийн дарга манлайлах чадвартай хүн байх ёстой.

Миний хувьд бүлгийн дарга нь хэн нэгэн хүн, аль нэгэн фракцыг төлөөлөх ёсгүй. Улс төрд өндөр эрх мэдэлтэй хүмүүсийн ашиг сонирхлыг биелүүлэх ёсгүй. Бүлгийн 41 гишүүний аяыг хардаг байх ч хэрэггүй.

Шулуухан хэлэхэд, сөрөг хүчний нөхцөл байдалд, парламентын шийдвэр гаргалтад итгэл үнэмшилтэй оролцож, эдийн засаг, эрх зүй болон өнөөгийн улс төрийн нөхцөл байдлаа ойлгосон, парламентын дархлаагаа хадгалж чадах хүн хэрэгтэй. 

Өмнө нь бид хоёр одтой шийдвэр гаргасан. Энэ итгэл үнэмшил, парламентын засаглалын талд хатуу зогсох хүн байх хэрэгтэй. Улс төрчид маш их аймхай байдаг. Зориуд тархи угаалт, пропаганда явуулсан үйл явдалд олон нийтийнхээ талд л орох ёстой юм шиг. Ард түмнийхээ талд гэж хашхирч байгаа хүмүүс тэр болгон ард түмнийхээ төлөө шийдвэр гаргах нь ховор байдаг. Нөгөө талд чимээгүй хуулиа батлаад явж байгаа, зарим зүйл дээр ад үзэгдээд ч хамаагүй үгүй гэж хэлж чаддаг хүмүүс ч бий. Хэн чанга дуутайг биш, цагаан дээр хараар бичсэн Монгол улсын хуулийг хамгаалж чадах хүнийг сонгох ёстой. 

Манай улс геополитикийн асар хоёр хүчтэй орны дунд оршдогоороо онцлогтой.

Энэ дунд байгаа ардчилсан чөлөөт нийгмийг 30 гаруй жил хөгжүүлэх гэж байгаа орны хувьд аль болох нэг хүний хүчтэй нөлөөлөл рүү орохгүй, тэмцэх ёстой. Энэ бол хэн нэг хүний тухай биш, энэ бол тогтолцоо, Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт чөлөөт байдлын тухай ойлголт.

АН Монголын зонхилох хоёр намын нэг учраас энэ дээр асар хариуцлагатай байж бүлгийн дарга болж байгаа хүн нь итгэл үнэмшилтэй, зоригтой, бусдадаа үзэл санааныхаа байр суурийг илэрхийлж чаддаг үүнийгээ улс төрийн аргаар илэрхийлж чаддаг байх ёстой. 

42 хүний хэд нь ч нэрээ дэвшүүлэх боломжтой. Бүгд мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Би бүгдээс нь асуулт асууна. Миний асуултад зөв зохистой, дээрх миний ярьсан шалгуурт тэнцэх хүнийг би дэмжинэ гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.