🔴Ц.Даваасүрэн: Мега төслүүд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ төсөвт өртөг их байгаа бол шалгуулах хэрэгтэй

AI хөрвүүлсэн

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн цаг үеийн асуудлаа мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

-Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, утааг бууруулах асуудал үеийн үед яригдаж ирсэн. Энэ асуудал Э.Бат-Үүлийн үеэс эхлэлтэй. Миний хувьд тухайн үед барилгын зураг төсөв, эхлүүлэх ажлыг хийж байлаа. Сэлбэ хорооллын хувьд голынхоо хоёр талаар дөрвөн эгнээ замын зураг төслийг хийсэн байгаа. Үүнийг ажил хэрэг болгож чадвал гэр хорооллын утааг бууруулахад маш их ач холбогдолтой төсөл. 

Одоо яригдаж байгаа мега төслүүд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ надад нэг эргэлзээ төрж байгаа зүйл нь төсөвт өртөг нь асар өндөр байгаа бол заавал шалгах шаардлагатай. Энэ эргэлзээг тайлах байгууллага нь УИХ-ын харьяа Үндэсний аудитын газар юм. Төрийн түшээ хүн аливаа асуудалд дуулиан шуугианаар хандах бус, заавал судалгаа шинжилгээ хийлгэж, аудитаар шалгуулсны үндсэн дээр дараагийн шийдвэрээ гаргадаг байх ёстой.

Өрийн бүртгэлээс хасах тухай асуудал байж болохгүй ч, төсвөөс гадуур Экспорт, импортын банк байгуулах зэргээр сонгодог утгаар нь шийдээд явах боломжтой. Бид дэд бүтцийн том төслүүдээ дан ганц төсвөөр санхүүжүүлэх боломжгүй. Одоогийн байдлаар зарим төсөл дээр ашиг олоогүй хэрнээ ашиглалттай холбоотой зардалд 60 орчим тэрбум төгрөг буюу 20-иод сая ам.доллар төлсөн байна. Энэ бол маш их мөнгө.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тосны үйлдвэр зэрэг дэд бүтцийн чухал төслүүд найман жил гацлаа. Төслүүд гацахын хэрээр бидний хэрэгцээ шаардлага улам өсөж байна. Өвөлдөө эрчим хүчээ хязгаарлуулж, шатахууны хомстолд орж байгаа нь үүний тод илрэл. Бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар өрийн хэмжээг ДНБ-тэй харьцуулан хязгаарлаж, өөрсдийгөө боомилсон учраас энэ төслүүдийг тусад нь ярьж, зохицуулахаас өөр аргагүй байдалд хүрч байна. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлж байж л бид шатахууны хамаарлаас гарч, эрчим хүчний хүндрэлийг давж, гэр хорооллын утааг бууруулж чадна.

"Бодь" групп болон нүүрстэй холбоотой Хянан шалгах түр хороо байгуулах асуудлын тухайд, гишүүдийн гарын үсэг цуглуулж байгаа. Бичиг над дээр орж ирэх үед нь танилцаж байж шийднэ. Би аливаа асуудалд дуулиан шуугианаар ханддаггүй. Ажлын хэсэг байгуулах, эсвэл аудитын байгууллагаар шалгуулж, бодит дүгнэлтэд үндэслэх ёстой гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.