Энэтхэгт мөнгө авахын тулд эгчийнхээ шарилыг банканд авчирсан цочирдом хэрэг гарав
Энэтхэгийн Одиша мужийн Кеонжхар дүүрэгт нэгэн иргэн нас барсан эгчийнхээ дансан дахь мөнгийг авахын тулд шарилыг нь ухаж гарган банканд авчирсан цочирдом хэрэг гарлаа.
2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны даваа гарагт "Odisha Grameen" банкны Малипоси салбарт болсон энэ үйл явдал нь хүнд суртал болон бичиг үсэг тайлагдаагүй иргэдийн хоорондын үл ойлголцлоос үүдэлтэй бөгөөд олон нийтийн сүлжээнд хүчтэй шүүмжлэл дагуулж байна.
Дианали тосгоны оршин суугч, 50 гаруй настай Житу Мунда хэмээх эрэгтэй өнгөрсөн нэгдүгээр сард нас барсан 56 настай эгч Калра Мундагийнхаа дансанд үлдсэн 19,300 рупи буюу ойролцоогоор 203 ам.долларыг авахыг хүсчээ.
Талийгаачийн нөхөр, хүү болон дансны албан ёсны өв залгамжлагч болох ах нь бүгд нас барсан тул Житу цорын ганц хууль ёсны нэхэмжлэгч болж үлдсэн байна. Гэвч банкны ажилтнууд нас барсны гэрчилгээ, өв залгамжлагчийн бичиг баримт зэрэг хуулийн дагуу шаардлагатай материалыг бүрдүүлэхийг шаардаж, мөнгийг олгохоос татгалзжээ.
Хууль эрх зүйн нарийн төвөгтэй бичиг баримтыг ойлгохгүй байсан тэрээр банкны ажилтнуудын "данс эзэмшигчийг өөрийг нь авчир" гэсэн үгийг шууд утгаар нь хүлээж авсан хэмээн мэдүүлсэн байна. Улмаар тэрээр оршуулгын газар очиж, эгчийнхээ шарилыг ухаж гарган шуудайнд хийгээд, гурван километр замыг явган туулж банкны үүдэнд авчирчээ. Харин "Indian Overseas Bank"-ны зүгээс талийгаачийн цогцсыг авчрахыг шаардаагүй бөгөөд Житуг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирж, хуулийн дагуу ажиллахаас татгалзан банкны үйл ажиллагаанд саад учруулсан гэж мэдэгдсэн байна.
Хэрэг явдлын дараа орон нутгийн цагдаа нар шуурхай ирж, Житуг тайвшруулан хууль ёсны үйл явцын талаар зөвлөгөө өгснөөр шарилыг буцаан оршуулжээ.
Олон нийтийн хүчтэй эсэргүүцэл, шүүмжлэлийн дараа Кеонжхар дүүргийн захиргаа дөрөвдүгээр сарын 28-ны мягмар гарагт яаралтай арга хэмжээ авч, Житуд эгчийнх нь нас барсны гэрчилгээ болон өв залгамжлагчийн бичиг баримтыг албан ёсоор олгосон байна.
Бичиг баримтын асуудал шийдэгдсэнээр банкны зүгээс хүүгийн хамт нийт 19,402 рупийг Житуд олгосон бол дүүргийн Улаан загалмайн сангаас нэмэлтээр 30,000 рупийн санхүүгийн тусламж үзүүлжээ. Уг харамсалтай үйл явдал нь албан ёсны банк санхүүгийн тогтолцоо болон хөдөө орон нутгийн эмзэг бүлгийн иргэдийн хооронд асар том ангал байгааг харуулсан бөгөөд цаашид бичиг үсэг тайлагдаагүй иргэдэд зориулсан төрийн үйлчилгээг илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгох шаардлагатайг сануулсан ноцтой сургамж болж үлдлээ.
Эх сурвалж:
• geo.tv
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.