🔴Т.Даваадалай: Хүн албан тушаалыг авч чадсан бол өгч чаддаг байх хэрэгтэй

AI хөрвүүлсэн
🔴Т.Даваадалай: Хүн албан тушаалыг авч чадсан бол өгч чаддаг байх хэрэгтэй

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр Туулын хурдны замын асуудалтай холбогдуулан Авлигатай тэмцэх газарт шалгуулж, гэм буруугүйгээ нотлохын тулд ийм шийдвэр гаргасан гэв.

НЗД-ын орлогч Т.Даваадалай:

Би ОХУ-д зүтгүүрийн инженер, Австрали улсад инженерийн болон менежментийн чиглэлээр магистр хамгаалсан бөгөөд өнгөрсөн 17 жилийн хугацаанд Улаанбаатар төмөр зам, Оюутолгой, Вагнер Ази, Бодь интернэйшнл зэрэг томоохон компаниудын бүтээн байгуулалтын төслүүдэд ажиллаж байсан туршлагатай. 

2024 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-д Баянзүрх дүүргээс сонгогдож, улмаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдон ажилласан.

Өнгөрсөн нэг жил зургаан сарын хугацаанд Улаанбаатар хотын 16 мега төслийн 10-ыг нь эхлүүлж, метро, дүүжин тээвэр, тойргийн зам, Сэлбэ болон Хүннү хот, Эмээлт аж үйлдвэрийн парк зэрэг томоохон ажлуудыг гардан удирдсан. Мөн хиймэл оюун ухаан бүхий камерын тусламжтайгаар уулзваруудын нэвтрэх чадварыг 11 хувиар сайжруулж, түгжрэлийг бууруулахад бодит үр дүн гаргасан гэж дүгнэж байна. Цаашид эдгээр төслүүд хэрэгжсэнээр Улаанбаатар хот 2040 он гэхэд түгжрэл, утаагүй, 20 минутын хот болох бүрэн боломжтой.

Сүүлийн хагас жилийн хугацаанд миний болон Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын эсрэг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулах ажиллагаа явагдсан. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болон НИТХ-ын төлөөлөгч А.Баяр тэргүүтэй хүмүүс албан тушаалын төлөө улайрч, улс төрийн зорилгоор дайралт хийж байна. Мөн Туул гол дагуух бүтээн байгуулалтыг эсэргүүцэж буй иргэн Хариад Уянга, Лут-Очир нар улс төрийн захиалгаар 18 жил гацсан төслийг дахин зогсоохыг оролдож байна. Энэхүү улс төржилтийн улмаас өнгөрсөн хугацаанд бие махбодын халдлагад хүртэл өртөж байсан.

НИТХ-ын 45 төлөөлөгчийн 35 нь А.Баярыг огцруулах санал гаргаад байхад тамга тэмдгээ авч зугтах бус, ёс зүйн хариуцлагаа хүлээж албан тушаалаа хүлээлгэн өгөх хэрэгтэй гэв. 

Тэрбээр хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй гэдгээ мэдэгдэж, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч, АТГ-тай хамтран ажиллаж шалгуулахад бэлэн байгаа гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.