🔴Р.Булгамаа: Бодитой, шударга, хүний эрхийн мэдрэмжтэй шийдвэр гаргана гэдэгт итгэж байна

AI хөрвүүлсэн

2024 онд 16 настай охины амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Уг хэргийг үйлдсэн Ц.Дагвадоржид бүх насаар нь хохих ял оноож, хэргийн газар хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, мөн уг хэрэгт нэр нь холбогдоод буй насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл өнөөдөр тухайн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болох байсан ч хоёр прокурор ирээгүйн улмаас шүүх хурлыг энэ сарын 11 хүртэл хойшлуулах шийдвэр гарлаа. Энэ талаар хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа мэдээлэл өглөө. 

Өмгөөлөгч Р.Булгамаа: 

-Өнөөдөр товлогдсон давж заалдах шатны шүүх хуралдаан улсын яллагч нар ирээгүй гэх шалтгаанаар хойшилж, дараагийн шүүх хурлыг тавдугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагт товлолоо. Энэ хэрэгт хоёр прокурор томилогдсон бөгөөд нэг нь өөр аймагт шүүх хуралтай давхацсан хэмээн хүндэтгэн үзэх шалтгаанаа албан бичгээр ирүүлсэн бол нөгөө прокурор нь ямар нэгэн тайлбар, баримтгүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэнгүй. 

Өмгөөлөгчдийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй прокурорт хуульд заасан хариуцлага тооцох шаардлагыг шүүхэд тавьсан. Прокурор Түмэн-Өлзий нь 16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь нас хохирсон энэхүү ноцтой хэрэг дээр урт хугацаанд ажиллаж байгаа хэдий ч өнөөдөр ямар нэгэн тайлбар ирүүлэхгүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нь асар хариуцлагагүй үйлдэл. Өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгуулдаг. Гэтэл прокурорт хариуцлага тооцох асуудлыг шүүх бүрэлдэхүүн нягтлан магадална гэж байгаа нь хууль тэгш үйлчлэхгүй байгаагийн илрэл.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг бүхэлд нь хянах чиг үүрэгтэй. Өмгөөлөгчдийн баг давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад үндэслэн бодитой, шударга, хүний эрхийн мэдрэмжтэй шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаа гэв. 

Шүүх хуралдаанд хохирогч 16 настай охины ээж, хууль ёсны төлөөлөгч оролцохоор ирсэн бөгөөд өмгөөлөгчдийн байр суурьтай санал нэг байгаагаа илэрхийлэв. Давж заалдах шатны шүүхийн гадна талд охины хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийг шаардсан олон тооны иргэд цуглаж, шүүхэд шаардлага хүргүүлэхээр хүлээж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.