А.Даянтөмөр, А.Тэнгис нарыг хятад иргэний амийг бүрэлгээгүй гэж дүгнэв
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн хэрэгт холбогдсон хятад иргэд, тэдэнтэй хамтарсан манай улсын харьяат хоёр хүний болон хохирогчийн аавынх нь гаргасан гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хянан хэлэлцлээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс БНХАУ-ын иргэн Лиү Бөүвин, Шүй Ханмин нарт хаалттай хорих байгууллагад 25 жил хорих ял шийтгэсэн юм. Тэдэнтэй хамтарсан манай улсын иргэд болох А.Даянтөмөрийг 18 жил гурван сар, А.Тэнгисийг 17 жил гурван сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл давж заалдах шатны шүүх хурал эхлэх үед шүүгдэгчдийн өмгөөлөгч нар үйлчлүүлэгчдээ биечлэн оролцуулах хүсэлт гаргасныг шүүгч Л.Галбадар, Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нар хүлээн авснаар дээрх дөрвөн хүнийг Цагдан хорих 461 дүгээр ангиас хуяглан тус шүүхэд хүргэх хүртэл түр хойшлуулав.
Шүүгдэгчдийг үдээс хойш хүргэж ирснээр хурал 14.50 цагийн үед эхэлсэн. Энэ үед шүүгдэгч Даянтөмөрийн аав Ц.Арсландорж, Тэнгисийн ар гэрийнхэн хуралд ирж оролцсон юм. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд шийтгэх тогтоолд өөрчлөлт орууллаа.
Тодруулбал, А.Даянтөмөр, А.Тэнгис нарыг хятад иргэний амийг бүрэлгэхэд оролцоогүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсгийн дагуу оноосон 12 жил хорих ялыг хэрэгсэхгүй болгов. Харин хүн барьцаалсан хэрэгт оноосон 5-6 жил хорих, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэлд оноосон зорчих эрх хасах ял шийтгэлийг эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
БНХАУ-ын иргэн Лиү Бөүвин, Шүй Ханмин нарыг хүний амь бүрэлгэсэн, барьцаалсан, эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээв. Мөн хохирогч өмнөд хөршийн иргэний хууль ёсны төлөөлөгч буюу аавд нь сэтгэцэд учирсан хохиролд тооцож, хэрэг гарах үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 99 сая төгрөг Лиү Бөүвин, Шүй Ханмин нараас тэнцүү гаргуулж олгуулахаар боллоо. Түүнчлэн эд мөрийн баримтаар хураасан гар утсууд, зөөврийн компьютер зэргийг хохирогч, шүүгдэгч нарт буцаан олгох шийдвэр шүүүх бүрэлдэхүүн гаргасан юм.
Ийнхүү давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн магадлалаа танилцуулж, А.Даянтөмөр, А.Тэнгис нарыг хүний амь бүрэлгээгүй гэж дүгнэснийг даргалагч шүүгч Л.Галбадар хэлэхэд ар гэрийнхэн нь баярлаж байсан агаад хурал тарахад өмгөөлөгч нартаа талархал илэрхийлж байлаа.
Дээрх дөрвөн хүн Бээжин-Улаанбаатар чиглэлийн олон улсын нисэх онгоцоор 2024 оны арванхоёрдугаар сарын 5-нд ирсэн БНХАУ-ын иргэдийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буумагц барьцаалж, тэр дороо нэгийг нь буудаж хөнөөсөн хэрэг үйлдсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.