🔴Х.Булгантуяа: Иргэд тэтгэврийн нэмэгдлээ шаардсаар байна
Засгийн газрын үед тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэнэ хэмээн амласан ч өнөөдөр Сангийн сайд болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд нар үүнийг төсөв, эдийн засгийн хувьд даах боломжгүй гэж мэдэгдсэн. Нийгмийн даатгалын сангийн өнөөгийн нөхцөл байдал, тэтгэврийн шинэчлэл болон иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй 1.5 сая төгрөгийн тэтгэврийн асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
-Одоогийн байдлаар улсын хэмжээнд 1.2 сая хүн нийгмийн даатгалын шимтгэл төлж, 500 мянга орчим ахмад настан тэтгэвэр авч байгаа. Иргэдийн зүгээс амласан тэтгэврийн нэмэгдлээ шаардсаар байна.
Нийгмийн даатгалын сангийн тогтолцоог сайжруулах ажлын хүрээнд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шинэ хуулиар ахмадуудын тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулан нэмэгдүүлдэг болсон. Өмнө нь тэтгэврийг сонгууль дөхөхөөр эсвэл салбарын сайд нарын үзэмжээр нэмдэг гэдэг шүүмжлэл их байсан. Одоо хуульчлагдсанаар ахмадуудын орлого үнийн өсөлтөд идэгдэхээс хамгаалагдсан. Энэ хуулийн үр дүнд төсвийн нөхцөл байдал хүнд байсан ч тэтгэврийн нэмэгдлийг заавал тусгах хуулийн зохицуулалт үйлчилж байгаа.
Тэтгэвэр тогтоох аргачлалд өөрчлөлт оруулж, хамгийн өндөр цалинтай таван жилийг сонгож тэтгэвэр боддог байсныг больсон. Ингэснээр 1979 оноос хойш төрсөн иргэд тэтгэвэрт гарахад тэдний төлсөн нийт шимтгэлийг инфляцтай уялдуулан тооцож, дундаж наслалтад хувааж олгох тогтолцоо руу шилжиж байна. Энэ нь олон жил тогтвортой шимтгэл төлсөн иргэд хохирч, цөөн хэдэн жил өндөр шимтгэл төлсөн хүмүүс өндөр тэтгэвэр авдаг шударга бус байдлыг таслан зогсоох ач холбогдолтой.
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Капитал, Чингис зэрэг эрсдэл даах чадваргүй жижиг банкуудад байршуулж алдсан асуудалд иргэд ихээхэн бухимдалтай байгаа. Өрөнд хураагдаж ирсэн гахайн ферм зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг борлуулах, түрээслэх боломжгүй хүндрэл үүссэн. Шинэ хуулиар сангийн чөлөөт үлдэгдлийг зөвхөн Монгол банкны зөвшөөрөлтэйгөөр, системийн нөлөө бүхий, эрсдэл даах чадвартай томоохон банкуудад байршуулахаар хуульчилж өгсөн .
Шимтгэл төлөгчдийн мөнгийг бодитоор хуримтлуулах зорилгоор нэрийн дансны хоёр хувийг мөнгөжүүлж эхлэхээр хуульд тусгасан. Энэ нь иргэдийн төлсөн шимтгэл зөвхөн цахим бүртгэл төдий бус, бодит хадгаламж хэлбэрээр байрших эхлэл болох байсан. Гэвч Сангийн яам болон Засгийн газар уг хуулийн хэрэгжилтэд хариуцлагагүй хандаж, мөнгөжүүлэх ажлыг хийж чадахгүй байгаагаас болж иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх итгэл үнэмшил суларч байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.