🔴С.Эрдэнэбат: Стратегийн ордуудын хувьцааг Монголдоо хөдөлмөр эрхэлж буй иргэдэд шууд эзэмшүүлэх нь зүйтэй
Төв талбайд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос иргэд, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалж, Засгийн газарт бодит шаардлага хүргүүлэх зорилгоор “Нийгмийн шударга ёсны төлөөх” жагсаал үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат жагсагчдад "Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдэл"-ийн өдрийн мэндийг хүргэж Төрийн өмчийн тухай хуулийн төсөлд ажилчид өөрсдийн ажиллаж буй байгууллага болон байгалийн баялгийн хувьцааг давуу эрхээр эзэмших саналыг тусган ажиллаж байгаа гэдгээ хэлсэн юм.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:
-Жирийн иргэдийн худалдан авах чадвар муудаж, үнийн өсөлт дарамт болж байна. Улсын нийт хадгаламжийн тал хувь нь ердөө тавхан мянган хүний дансанд төвлөрч байгаа нь нийгмийн баялгийн ялгаа ямар их байгааг харуулж байна.
Иргэдийн хувьд орон сууцтай болно гэдэг зөвхөн мөрөөдөл төдий зүйл болссон. Орон сууцны метр квадратын үнэ 7-8 сая төгрөгт хүрсэн нь залуучууд байтугай 20-30 жил ажилласан хүмүүс ч худалдан авах боломжгүй нөхцөлд хүрсэн. 30-40 жил хөдөлмөрлөсөн иргэд 600-700 мянган төгрөгийн тэтгэвэр авч, хийсэн хөдөлмөртөө харамсах хэмжээнд хүрсэн байна. Төр засаг нийгмийн суурь асуудлуудад дорвитой алхам хийх шаардлагатай.
Эдийн засаг, ажлын байрыг дэмжихийн тулд ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн ажил олгогчдод татварын хөнгөлөлт үзүүлэх, хүн амын орлогын албан татварын хөнгөлөлтийг гэр бүлийн гишүүдэд нь хамруулан бууруулах, залуучуудын моргейжийн зээлийг дэмжих хэрэгтэй. Байгалийн баялгийн тэгш бус байдлыг арилгахын тулд Оюутолгой, Эрдэнэт зэрэг стратегийн томоохон ордуудын хувьцааг Монголдоо хөдөлмөр эрхэлж буй иргэдэд шууд эзэмшүүлэх нь зүйтэй.
Хөдөлмөрийн зах зээл дэх шинэ сорилтуудын явагдаж байна. Хиймэл оюун ухааны нөлөөгөөр ажлын байр хумигдаж эхэлж байгаа тул иргэдийг дахин сургах шаардлагатай үүсэж байна. Залуучуудыг эх орондоо тогтвортой ажиллуулахын тулд дундаж цалин 1000 ам.доллароос дээш байх ёстой. Шинэ үеийнхэн буюу Z үеийн залуусын сэтгэлгээ өөрчлөгдсөн тул хуучин арга барилаар, дарамт шахалтаар ажиллуулах боломжгүй болсныг удирдлагууд анхааралдаа авч, уян хатан, шударга ажлын байрны орчныг бүрдүүлэх шаардлагатай.
Төрийн өмчит компаниудад шинээр томилогдсон дарга нар өөрийн багаа бүрдүүлэх нэрийдлээр бүтцийн өөрчлөлт хийж, үүний золиос нь 90 хувьд нь жирийн ажилтнууд болж байгааг УИХ, Засгийн газраас анхаарч таслан зогсоох ёстой. Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан нийт ажил олгогчид болон төр засгийн удирдлагуудад хандан ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой анхаарал хандуулах хэрэгтэй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.