Шийдвэр гүйцэтгэгчид хахууль өгсөн З.Буяннэмэхэд дахин торгох ял оноожээ
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чайна гео инженеринг корпорац” ХХК-ийг оролцуулах, улмаар туслан гүйцэтгэгчээр өөрийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжийг ажиллуулах боломж бүрдүүлэхийн тулд ЗТХЯ-ны албан тушаалтанд хахууль өгсөн дуулианы эзэн З.Буяннэмэхэд дахин торгох ял оноожээ.
Тэрбээр уг тендерийн үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан ЗТХЯ-ны хэлтсийн даргад бэлнээр гурван сая төгрөг, 60 саяын үнэлгээтэй “Лексус RX-350” загварын автомашиныг хамаарал бүхий этгээдийнх нь нэр дээр шилжүүлэн хахууль өгсөн байдаг. Энэ хэрэгтээ З.Буяннэмэх 14 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн ч дээд шатных нь шүүх нэг үйлдлийг тусгаарлан буцаасан.
Тэрбээр уг дуулианаас өмнө Тайландаас Хонконг руу нисэж байсан онгоцыг барьцаалахыг завдсан гэмт этгээдийн үйлдлийг таслан зогсоож, 216 хүний амь аварсан хэмээн үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл хэвлэлээр гаргуулж байсан нэгэн. “Бурхан буудай групп” ХХК-ийн тэргүүн, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч зэрэг ажил эрхэлж байсан З.Буяннэмэхийн үүсгэн байгуулсан “Жиансу Жунжиа Жианшин”, “Альфа ассет менежмент”, “Алмоне ойл” ХХК нь шүүхийн шийдвэрээр бусдад их хэмжээний төлбөр төлөх ёстой байсан аж.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад түүнд хилийн хориг тавьсан байжээ. Үүнийгээ түр цуцлуулах зорилгоор НШШГГ-ын 153 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан, ахмад Д.Даваасүрэнд З.Буяннэмэх 600 000 төгрөгийн хахууль өгсөн байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцээд шийдвэр гүйцэтгэгч Д.Даваасүрэнг бусдаар дамжуулан хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Харин түүнд хахууль өгсөн З.Буяннэмэхэд таван сая төгрөгөөр торгох ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хасав.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.