🔴Жагсагчид: Өнөөдрөөс хэрэгжиж эхлэх шинэ цалингийн тогтолцоо үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна
Монгол Улс байгалийн баялаг болон нэг хүнд ногдох малын тоогоор дэлхийд тэргүүлдэг хэдий ч эдийн засгийн энэхүү өсөлт жирийн өрх гэрийн хаалгаар орж, иргэдийн амьдралд наалдахгүй байгааг эсэргүүцсэн иргэд, үйлдвэрчний эвлэлүүд нэгдэн жагсаал зохион байгууллаа. Жагсагчид түүхийн хүнд хэцүү үед өлсгөлөнд автаж үзээгүй монголчууд өнөөдөр махаа ч худалдан авч чадахгүй хэмжээнд хүрснийг шүүмжилж, нийгмийн шударга ёсыг шаардаж байна.
Иргэн:
-Үйлдвэрчний эвлэлүүд болон хөдөлмөрчид эвлэлдэн нэгдэж, хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоох, цалин хөлсийг нэмэгдүүлэх, татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн дарамтыг бууруулахыг эрх баригчдаас шаардаж байна. Бидний хөдөлмөрийн үнэлэмжийг бодитоор тогтоож, нийгмийн баталгааг хангахгүй бол ажил хаялт зарлана. Нийгмийн түншлэлийн тогтолцоог хуульд заасны дагуу бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:
-Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн 30 жилд өмч хувьчлал, уул уурхайн баялгийн хуваарилалт цөөнхөд төвлөрч, нийгмийн шударга бус байдал газар авсан. Тиймээс Төрийн өмчийн тухай хуулийн төсөлд ажилчид өөрсдийн ажиллаж буй байгууллага болон байгалийн баялгийн хувьцааг давуу эрхээр эзэмших саналыг тусган ажиллаж байгаа.
Иргэн:
-Үндсэн цалинг 75 хувиар нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах шаардлагатай. Салбарын санхүүжилт, нийгмийн даатгалын тогтолцоонд үүссэн гажуудлыг засаж, хөрөнгө мөнгө завшсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг салбарын удирдлагуудаас хүсэж байна. Тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шинэ цалингийн тогтолцоо үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаа.
Бидний хувьд цалин хөлс харьцангуй тогтвортой байдаг ч инфляцын өсөлтөөс шалтгаалан амьдралын түвшин доройтож, хүнд байдалд орж байна. Жагсагчид төр засагт шаардлага хүргүүлэхэд эргээд хариу өгдөггүй, асуудал замхардаг байдлаа зогсоож, дорвитой арга хэмжээ авахыг шаардаж байна гэв.
Жагсаалд соёл урлагийн салбарынхан мөн оролцож, төрийн бодлогоос орхигдож буйдаа гомдолтой байгаагаа илэрхийллээ. Боловсрол, эрүүл мэндийн салбарынхан тэмцлийн үр дүнд цалингаа нэмүүлж чадсан бол соёл урлагийн салбарынхан ард нь хоцорсныг тэд онцлов. Цалингийн хүрэлцээгүй байдлаас үүдэн шинэ залуу уран бүтээлчид, албан хаагчид ипотекийн зээлийн шаардлага хангаж чадахгүй, амьдрах нөхцөл хүндэрч байгааг хэллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.