А.Баярыг төлөөлөгчдийг гүтгэсэн гэж үзэн намын хяналтын болон хуулийн байгууллагад хандахаар болжээ

А.Баярыг төлөөлөгчдийг гүтгэсэн гэж үзэн намын хяналтын болон хуулийн байгууллагад хандахаар болжээ

НИТХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, олонхын саналаар хэд хэдэн шийдвэр гаргажээ. Дөрөвдүгээр сарын 27-нд болсон НИТХ-ын XI ээлжит бус хуралдаанаар тус хурлын дарга А.Баярыг нийт төлөөлөгчдийн 93 хувийн саналаар огцруулсан юм.

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Сандагсүрэн:

-А.Баярыг хурлын үйл ажиллагааг хууль бусаар тасалдуулсан, дур мэдэн ганцаарчилсан шийдвэр гаргасан, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн зэрэг үндэслэлээр олонх огцруулсан. Гэтэл огцорсноос хойш тэрбээр албан тушаалтайгаа зууралдаж, тамга тэмдгээ нуух, ажлын байрны хаалгыг цоожлох зэргээр ёс зүйгүй үйлдэл гаргаж байна. Мөн төрийн албан хаагчийг хувийн шалтгаанаар чөлөөлөх, хэвлэл мэдээллээр дамжуулан тэднийг дайрч доромжлох зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргаж байна гэв.

Түүнчлэн А.Баяр нь НИТХ-ын төлөөлөгчдийг хулгай болон бусад гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн гэж үзэж байгаагаа төлөөлөгчид илэрхийлжээ.

e38ac716dcb04b1b88bb5fef15014306

Нэгдүгээрт, НИТХ-ын дарга асан А.Баярыг төлөөлөгчдийн нэр хүндэд халдсан, ор үндэслэлгүй гүтгэлэг мэдээлэл тараасан асуудлаар намын хяналтын болон хууль хяналтын байгууллагад хандахаар болжээ.

Хоёрдугаарт, НИТХ-ын дарга нь төлөөлөгчдийн олонхын итгэл дээр үндэслэн ажилладаг тул А.Баярыг бүлгийн хуралд оролцохыг удаа дараа шаардсан ч ирээгүй. Тиймээс албан ёсны байр сууриа ирж илэрхийлэх, асуудлаа хууль журмын дагуу шийдвэрлэх шаардлагыг А.Баярт хүргүүлэх аж.

Одоогоор НИТХ-аар хэлэлцүүлэх 20 гаруй асуудал хүлээгдэж байгаа бөгөөд хурлын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх чиглэлд анхаарч ажиллана гэдгийг онцоллоо. 

МАН-ын Удирдах зөвлөлөөс хурлын шинэ даргаар Д.Ихбаярыг томилсны дараа НИТХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм. Мөн намын хяналтын болон хууль хяналтын байгууллагад хүргүүлэх албан бичгийг маргааш хүргүүлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.