🔴Б.Даваадалай: 1072 хувьцааг өвлүүлдэг байх шийдвэр гарсан
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай Засгийн газрын хуралдааны шийдвэрээр гарсан нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэх тухай мэдээлэл өглөө.
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай:
-Нас барсан иргэдийн эзэмшиж байсан хувьцааг өвлүүлэх асуудал олон жил яригдаж ирсэн. Монгол Улсын Их Хурлын холбогдох тогтоолоор уг хувьцааг захиран зарцуулах болон өвлүүлэх эрх зүйн орчныг тодорхой болгож, иргэдийн эрхийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх шийдвэрүүд гарч байсан. Иргэдийн зүгээс энэ асуудлыг тодорхой болгож, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг нээлттэй, ил тод хэлбэрээр өвлүүлэх эрхийг бодитоор хэрэгжүүлэх хүсэлт, санал удаа дараа гарч ирсэн.
Энэ хүрээнд уг асуудлыг Засгийн газарт хэд хэдэн удаа танилцуулж, өнөөдрийн хуралдаанаар өвлүүлэх эрхийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын хуралдааны албан ёсны шийдвэрээр олон нийтэд мэдээлнэ. Сүүлийн 10 орчим жилийн хугацаанд нийт 130 мянган иргэн нас барсан байна. Түүний үр хүүхэд, өв залгамжлах эрх бүхий иргэн нотариатаар орж, үнэт цаасны дансаа бүртгүүлж, өмнөх жилүүдэд аваагүй хуримтлагдсан ногдол ашгаа авах боломжтой болсон.
Өвлүүлэх үйл ажиллагааг зургаадугаар сарын 1-ээс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Процессын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК холбогдох мэдээллийг тухай бүрт нь олон нийтэд хүргэж ажиллах болно. Мөн ногдол ашгийн хуваарилалт, олголтын хугацааны асуудлыг тухайн компанийн ТУЗ болон эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу шийдвэрлэнэ. Хууль, эрх зүйн зохицуулалтын дагуу ногдол ашгийг дөрөвдүгээр сарын 30-ны дотор хуваарилах зохицуулалт үйлчилж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Засгийн газар, иргэд болон АНН гэсэн гурван төрлийн хувьцаа эзэмшигчтэй компани гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.