Тейлор Свифтийн тоглолтод халдлага төлөвлөсөн этгээдүүдийн шүүх хурал эхэлнэ
Австрийн Вена хотод болох байсан дуучин Тейлор Свифтийн тоглолтын үеэр террорист халдлага үйлдэхийг завдсан хэрэгт буруутгагдаж буй этгээдүүдийн шүүх хурал 2026 оны дөрөвдүгээр сарын 28-нд эхлэхээр боллоо.
Вена хотын өмнөд хэсэгт байрлах Винер-Нойштадт хотын бүсийн шүүхэд болох уг хуралд 21 настай Австрийн иргэн Беран А. болон Арда К. нар шүүгдэх бөгөөд тэднийг Исламын улс бүлэглэлийн алан хядах үүр байгуулсан хэмээн буруутгаж байна.
Гол сэжигтэн болох Беран А. нь 2024 оны наймдугаар сард АНУ-ын Тагнуулын төв газраас өгсөн мэдээллийн дагуу баривчлагдсан юм. Прокуроруудын мэдэгдсэнээр, тэрээр Исламын улс бүлэглэлд үнэнч байхаа тангараглаж, цахим орчинд суртал ухуулга тараан, бусад гишүүдээс сургалт авсан байна. Тэрээр 2024 оны наймдугаар сарын 9-нд Эрнст Хаппель цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа цугларсан шүтэн бишрэгчид рүү тэсрэх бодис, мачете, хутгаар зэвсэглэсэн автомашинтай дайран орж, олон хүний амь насыг хөнөөхөөр төлөвлөж байжээ.
Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн интернэтээс заавар татаж авч, бага хэмжээний тэсрэх бодис амжилттай гаргаж авсан нь тогтоогдсон бөгөөд хууль бусаар галт зэвсэг, гар бөмбөг худалдан авахыг оролдож байжээ. Үүнээс гадна Дубай, Истанбул хотуудад халдлага үйлдэх талаар судалж, Мекка дахь халдлага үйлдэгчид сэтгэл зүйн дэмжлэг үзүүлсэн зэрэг олон улсыг хамарсан гэмт хэрэгт холбогдсон байна. Хэрэв түүний гэм буруутай нь шүүхээр батлагдвал 20 жил хүртэлх хугацаагаар хорих ял сонсох эрсдэлтэй юм.
Шүүгдэгч Беран А.-ийн өмгөөлөгч Анна Майр саяхан өгсөн ярилцлагадаа үйлчлүүлэгч нь өөрт тулгасан ялын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх төлөвлөгөөтэй байгааг онцолсон байна. Түүнчлэн уг хэрэгт холбогдуулан араб хэл дээрх тэсрэх бодис хийх зааврыг орчуулж тусалсан гэх Сирийн өсвөр насны хүү Мохаммад А.-г Германы насанд хүрээгүйчүүдийн шүүхээр тусад нь шүүжээ.
Уг төлөвлөгөө илэрсний улмаас 2024 онд Вена хотод зохион байгуулагдах байсан Тейлор Свифтийн "Eras Tour" аялан тоглолтын гурван өдрийн арга хэмжээг бүрэн цуцалж, 195 мянга гаруй шүтэн бишрэгчдийн хүлээлт талаар болсон билээ. Дуучин Тейлор Свифт уг үйл явдлын дараа маш их айдаст автаж, шүтэн бишрэгчдийнхээ өмнө гэм буруутай мэт хүнд мэдрэмж төрснөө илэрхийлж байв. Шүүх хурал дөрөвдүгээр сарын 28-наас гадна тавдугаар сарын 12, 19, 21-ний өдрүүдэд үргэлжлэн явагдах хуваарьтай байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.