АНУ-ын Ерөнхийлөгчийн амь насанд халдахыг завдсан этгээдийг шүүж эхэллээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын амь насанд халдахыг завдсан 31 настай Калифорни мужийн оршин суугч Коул Томас Алленыг Вашингтон хотын холбооны шүүхэд шилжүүллээ.
Тэрээр Цагаан ордны сурвалжлагчдын холбооны оройн зоогийн үеэр халдлага үйлдэхийг оролдсон бөгөөд түүнд ерөнхийлөгчийн амь насанд халдахыг завдсан, хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэхдээ галт зэвсэг ашигласан болон хүнд гэмт хэрэг үйлдэх зорилгоор муж хооронд галт зэвсэг тээвэрлэсэн гэх гурван үндсэн ял тулгаад байна.
Хэрэгтэн нь Калифорни мужийн Торранс хотоос гаралтай, өндөр боловсролтой нэгэн бөгөөд 2017 онд Калифорнийн Технологийн дээд сургуулийг механик инженер, 2025 онд Калифорнийн Улсын их сургуулийг компьютерын шинжлэх ухааны магистр зэргээр төгсчээ. Мөрдөн байцаагчдын олж тогтоосноор тэрээр халдлагыг хэдэн долоо хоногийн өмнөөс нарийн төлөвлөсөн байна.
Нисэх онгоцны буудлын аюулгүй байдлын шалгалтаас зайлсхийхийн тулд Лос-Анжелес хотоос Чикагогоор дамжин Вашингтон хүртэл галт тэргээр зорчсон бөгөөд халдлага үйлдэх үедээ 12 калибрын ангийн буу, 38 калибрын гар буу болон гурван хутгаар зэвсэглэсэн байжээ. Тэрээр хамгаалалтын цэгийг нэвтрэн орж, нууц албаны ажилтны сум үл нэвтрэх хантааз руу буудаж амжсан байна.

Холбооны мөрдөгчид болон хэвлэл мэдээллийн байгууллагууд түүний цахим орчин дахь 4000 гаруй нийтлэлийг шалгаж, хэрхэн радикал үзэлд автсаныг нь тогтоожээ. Эхэн үедээ видео тоглоом, тэр дундаа "Super Smash Bros" болон бие даасан тоглоом хөгжүүлэлтийн талаар нийтэлдэг байсан бол 2024 оноос эхлэн улс төрийн хэт туйлширсан агуулга түгээх болсон байна.
Тэрээр "Bluesky" платформ дээр "coldForce" гэх нэрээр бүртгүүлж, өөрийгөө "Нөхөрсөг холбооны алуурчин" хэмээн нэрлэж байв. Мөн ерөнхийлөгчийг "урвагч", "фашист", "нацист" гэх мэтээр доромжилж, дагагчдаа галт зэвсэг худалдан авахыг уриалж байжээ.
Халдлага үйлдэхээсээ хэдхэн минутын өмнө Аллен гэр бүлийнхэндээ 1000 үгтэй цахим шуудан илгээсэн нь түүний сэдэл, зорилгыг тодорхой харуулсан байна.
Уг баримт бичигт ерөнхийлөгч болон засаг захиргааны өндөр албан тушаалтнуудыг устгах жагсаалт гаргаснаа бичсэн бөгөөд зөвхөн Холбооны мөрдөх товчооны дарга Каш Пателийг өршөөхөө мэдэгджээ. Тэрээр үйлдлээ зөвтгөхдөө ерөнхийлөгчийг гэмт хэрэгтэн хэмээн буруутгаж, бусдыг дарангуйлах үед Христийн шашны "нөгөө хацраа тавьж өгөх" сургаал үйлчлэхгүй хэмээн тайлбарласан байна.
Шүүгчийн шийдвэрээр сэжигтнийг батлан даалтад гаргахгүйгээр цагдан хорих болсон бөгөөд дараагийн сонсгол дөрөвдүгээр сарын 30-нд, урьдчилсан шүүх хурал тавдугаар сарын 4-нд товлогдлоо. Хэрэв Коул Томас Аллен ерөнхийлөгчийн амь насанд халдахыг завдсан гэм буруутай нь шүүхээр нотлогдвол бүх насаараа хоригдох ял сонсох эрсдэлтэй юм.
Энэхүү хэрэг нь АНУ-ын өндөр дээд албан тушаалтнуудын аюулгүй байдлын хамгаалалтыг эргэн харах, цахим орчин дахь хэт туйлшралын эсрэг авах арга хэмжээг чангатгах шаардлагатайг харуулсан ноцтой үйл явдал болж байна.
Эх сурвалж:
• ksat.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.