🔴Б.Сэмжидмаа: НИТХ-ыг эхлүүлэхийг шаардаж, гарын үсэг цуглуулж байна
НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа өнөөдөр хуралдах ёстой байсан НИТХ-ын 7 дугаар хуралдаан тодорхойгүй шалтгаанаар эхлэхгүй байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрээр хуралдаан 10:00 цагт эхлэх захирамж гарсан байсан ч 14:30 цаг хүртэл эхлээгүй, хүлээлтийн байдалтай байгааг хэллээ.
МАН-ын бүлгийн зүгээс хурлыг эхлүүлэхээр хуулийн дагуу арга хэмжээ авч эхэлжээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс дээш хувь нь шаардсан тохиолдолд ээлжит хуралдааныг хуралдуулах зохицуулалттай бөгөөд одоогоор МАН-ын бүлгийн төлөөлөгчид гарын үсэг цуглуулж байгааг тэрээр мэдэгдэв. Гэхдээ хурлын дарга ёс зүйгээ ухамсарлан ирж, хурлаа эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Хуралдаанаар нийт 22 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс АН-ын бүлгийн зүгээс "Туул голоо аваръя" хөдөлгөөнтэй холбоотой асуудлыг хэлэлцэх жагсаалтаас түр хойшлуулах хүсэлт гаргасан байна. Энэхүү асуудлаар Засгийн газрын шийдвэр гарсан бөгөөд олон нийтийн дунд үүссэн эргэлзээг тайлж, хууль хяналтын байгууллагаар шалгуулан үнэн мөнийг тогтоох нь зүйтэй гэж үзжээ. Уг хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг дарга тус асуудлыг эргүүлэн татах шийдвэр гаргасан байна.
Төлөөлөгч Б.Сэмжидмаагийн хувьд энэ удаагийн хуралдаанд хоёр чухал асуудал өргөн барьжээ. Нэгдүгээрт, Баянгол дүүргээс сонгогдсон төлөөлөгчийн хувьд Гандан орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох санал гаргасан байна. Хоёрдугаарт, хүүхэд багачуудыг цахим хэрэглээнээс холдуулж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг нь хөгжүүлэх зорилгоор спорт заалыг амралтын өдрүүдэд үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг хөнджээ. Тодруулбал, бямба гарагт 09:00-17:00, ням гарагт 09:00-13:00 цагийн хооронд хүүхдүүдэд нээлттэй байлгах шийдвэрийг яаралтай гаргуулах хүсэлтэй байгаагаа хэллээ.
НИТХ бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага тул аливаа асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэх ёстойг тэрээр санууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.