68 удаа хулгай хийж, 229 сая төгрөгийн хохирол учруулсан залууд ял шийтгэв
Нийслэлийн дүүргүүдийг дамжин олон удаа хулгай хийсэн, бусдыг залилж, амьдралын эх үүсвэрээ болгосон Б.Чинбатад холбогдох хэрэгт Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ. 34 настай тэрбээр ганцаараа болон өөр хүмүүстэй хамтарч, 2015-2022 оны хооронд 68 удаа гэр хорооллын эзэнгүй айлуудыг урьдчилан судалж, цонх, хаалгыг нь эвдэн ороод, эд зүйл хулгайлж байжээ.
Хулгайн гэмт хэргийнх нь улмаас нийт 229.9 сая төгрөгийн хохирол иргэдэд учирсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна.
Б.Чинбат нь зөвхөн хулгай хийгээд зогсохгүй 2023-2025 оны хооронд цахим орчинд “Эд зүйл зарна, худалдана” гэсэн зар байршуулж, иргэдийг хуурч мэхлэн, мөнгийг нь шилжүүлэн авч, 12 удаагийн үйлдлээр 681.5 сая төгрөгийн хохирол учруулсан нь тодорхой болсон аж.
Эдгээрээс гадна зэвсэг хэрэглэн бусдыг дээрэмдсэн, эд хөрөнгийг нь устгаж гэмтээсэн, цагдаагийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь биед нь халдаж хүч хэрэглэсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Б.Чинбатад холбогдох хэргийг хэлэлцээд зургаан төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ялуудыг нэмж нэгтгэн 12 жил хорихоор болжээ. Түүнээс 911.5 сая төгрөгийн хохирлыг гаргуулан нэр бүхий хүмүүст олгохоор шийдвэрлэсэн аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.