Хувийн цэцэрлэгүүдийн хамрагдалт буурчээ
Боловсролын яамны сайд Л.Энх-Амгалан Монголын хувийн цэцэрлэгүүдийн “Боловсролын өсөлт” холбооны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, сургуулийн өмнөх боловсрол (СӨБ)-ын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.
Одоогийн байдлаар хувийн өмчийн 353 цэцэрлэгт 27,600 гаруй хүүхэд суралцаж байгаа ч сүүлийн таван жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128-аар, хамрагдах хүүхдийн тоо 4,984-өөр буурсан үзүүлэлт гарчээ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халж, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг 96 хувьд хүргэж, хүртээмжийг нэмэгдүүлсэн байна.
Цаашид энэ үзүүлэлтийг 100 хувьд хүргэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо. Уулзалтын үеэр дараах чиглэлүүдэд анхаарч хамтран ажиллахаар болсон байна. Үүнд:
~СӨБ-ын сургалтын чанарыг дээшлүүлэх
~Тусгай боловсролын багш, тэр дундаа хэл засалч мэргэжилтнийг бэлтгэх, чадавхжуулах
~Таван настай хүүхдүүдийн цэцэрлэгийн хамрагдалтыг бүрэн хангах
~Хувьсах зардлын тогтолцоог шинэчлэх, нэг хүүхдэд ногдох санхүүжилтийг нэмэгдүүлэх
~Үнийн өсөлт, багшийн цалингийн дарамтаас үүдэлтэй хүндрэлүүдийг шийдвэрлэх
~СӨБ-ын байгууллагуудын бизнес конференцийг хамтран зохион байгуулах
~“Хотхоны бага сургууль” төсөлд хувийн хэвшлийн оролцоог дэмжих.
Мөн уулзалтын хүрээнд талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохиролцож, төр-хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гарган ажиллахаар болсон байна. Салбарын төлөөллүүдийн зүгээс санхүүжилт, хүний нөөц, бодлогын дэмжлэгийг сайжруулахгүй бол хувийн цэцэрлэгүүдийн тогтвортой үйл ажиллагаанд эрсдэл үүсэж болзошгүйг анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.