Хойд Солонгосын мэдээллийн технологийн ажилтнуудад тусалсан хоёр америк иргэнд ял оноов
АНУ-ын Хууль зүйн яамнаас Хойд Солонгосын мэдээллийн технологийн ажилтнуудыг Америкийн компаниудад хуурамчаар ажилд ороход нь тусалсан Нью-Жерси мужийн хоёр иргэнд холбооны шүүхээс хорих ял оноосон талаар мэдэгджээ.
Тэд өөрсдийн байгууламждаа "зөөврийн компьютерын ферм" ажиллуулж, хилийн чанад дахь Хойд Солонгосын ажилтнуудад зайнаас ажиллах боломжийг бүрдүүлж өгсөн байна.
Массачусетс мужийн дүүргийн шүүгч Натаниэл М.Гортон уг хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгчдэд ял оноожээ. Цахим залилан, мөнгө угаах болон хувийн мэдээлэл хулгайлсан хэргээ хүлээн зөвшөөрсөн 42 настай Кежиа "Тони" Вангт 9 жилийн хорих ял, 200 мянган ам.долларын нөхөн төлбөр төлөх шийдвэр гаргасан байна. Харин түүний хамтрагч 39 настай Жэншин Вангт 92 сар буюу ойролцоогоор 7.6 жилийн хорих ял оноожээ. Үүнээс гадна гэмт хэрэгтнүүд хууль бус үйл ажиллагаанаас олсон 600 мянган ам.доллароо хураалгах бөгөөд үүний 400 мянган ам.долларыг нь АНУ-ын Засгийн газар хэдийнэ буцаан авсан байна.
Олон жилийн турш үргэлжилсэн луйврын сүлжээ нь АНУ-ын 80 гаруй иргэний хулгайлагдсан хувийн мэдээлэлд тулгуурласан байв. Шүүгдэгчид ажил олгогчдоос илгээсэн компьютеруудыг хүлээн авч, тусгай фермдээ суурилуулдаг байжээ.
Ингэснээр Хойд Солонгосын ажилтнууд хилийн чанадаас эдгээр төхөөрөмж рүү нэвтэрч, байгууллагын сүлжээний аюулгүй байдлын системд яг л АНУ-ын нутаг дэвсгэрээс холбогдож байгаа мэтээр харагдуулдаг байсан аж. Энэхүү аргыг ашиглан тэд Америкийн 100 гаруй байгууллага, тэр дундаа "Fortune 500" жагсаалтад багтсан томоохон корпорацууд болон батлан хамгаалахын гэрээт гүйцэтгэгч компанийн дотоод систем, цалингийн сүлжээнд нэвтэрч чадсан байна.
Уг хууль бус ажиллагааны үр дүнд нийт 5 сая гаруй ам.долларын орлого олсон бөгөөд эдгээр хөрөнгө нь олон улсын хориг арга хэмжээг тойрч, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын засгийн газарт шууд шилжиж байсныг АНУ-ын албаны хүмүүс онцолсон юм. Ингэснээр тус улсын үй олноор хөнөөх зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд томоохон дэмжлэг болсон гэж үзэж байна. АНУ-ын прокурор Лиа Б.Фоли энэ талаар хэлэхдээ, шүүгдэгчид Америкийн бизнесийн нууц мэдээллийн түлхүүрийг гаднынханд өөрсдийн гараар атгуулж, үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсан болохыг анхааруулжээ.
Шүүхийн шийдвэр нь Хойд Солонгосын хууль бус орлого олох сүлжээнд дотоодоос туслагчдыг илрүүлэх зорилготой АНУ-ын Хууль зүйн яамны Үндэсний аюулгүй байдлын хэлтэс болон Холбооны мөрдөх товчооны хамтарсан "DPRK RevGen" санаачилгын хүрээнд олсон ээлжит томоохон амжилт болж байна. Тус ажиллагааны үр дүнд сүүлийн үед хэд хэдэн этгээд ял сонссоны дотор 2026 оны гуравдугаар сард Жоржиа мужийн гурван иргэн 1.28 сая ам.долларын ижил төстэй хэрэгт, мөн 2025 оны долоодугаар сард Аризона мужийн нэгэн эмэгтэй 17 сая ам.долларын үнийн дүн бүхий сүлжээг удирдсан хэргээр 8.5 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлээд байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.