Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар авдаг болно
Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн шинэ шатанд гаргах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай болгох зорилтын хүрээнд цахим шилжилтийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг бүрэн цахимаар хүлээн авах системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Тодруулбал, иргэд дээрх төрлийн тэтгэмж авах хүсэлтээ portal.ndaatgal.mn цахим системээр дамжуулан илгээн үйлчилгээ авахад шаардагдах цаг хугацаа, зардлыг мэдэгдэхүйц бууруулах нөхцөл бүрдэнэ. Уг систем нь хэрэглэгч төвтэй шийдэлд суурилсан бөгөөд мэдээллийг давхардахгүйгээр ашиглах, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулахад чиглэгдсэн болно.

Системийн хөгжүүлэлтийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн мэргэжилтнүүд удирдлагуудад танилцууллаа. Энэ үеэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал болон холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд системийн хэрэглээний хялбар байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэд цахимаар хүсэлтээ өгөхөд ойлгомжтой байдлаар шийдэх хөгжүүлэлтийг хийхийг зөвлөлөө.
Цаашид нийгмийн даатгалын байгууллага нь их өгөгдөлд суурилсан, ухаалаг шийдлүүдийг үе шаттайгаар нэвтрүүлж, даатгуулагч, ажил олгогч, иргэдэд үзүүлэх үйлчилгээг бүрэн цахимжуулах ажлыг эрчимжүүлэн ажиллана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.