ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн асанд 10 жилийн хорих ял оноожээ
Москва хотын Тверской дүүргийн шүүхээс ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн асан Дмитрий Савельевт 2026 оны 4-р сарын 13-нд арван жилийн хатуу дэглэмтэй хорих ял оноожээ.
Тэрээр өөрийн бизнес түнш Сергей Ионовын амийг хөнөөхийг зохион байгуулсан хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон бөгөөд хорих ялаа эдэлж дууссаны дараа хоёр жилийн турш эрх чөлөөгөө хязгаарлуулах ял нэмж сонссон байна.
Шүүхийн шийдвэрийн дагуу экс сенатор ( Оросын Холбооны Зөвлөлийн гишүүн) хохирогчид 5 сая рублийн нөхөн төлбөр олгох үүрэг хүлээсэн юм. Түүнчлэн түүний төрийн гурван дээд шагнал, тэр дундаа нэр хүндтэй "Александр Невскийн одон"-г нь хураан авсан байна. Харин Зөвлөлт-Афганистаны дайнд оролцож байхдаа хүртсэн хоёр "Эр зоригийн төлөө" (За отвагу) медалийг нь үлдээх шийдвэр гаргасан нь хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж, түүнийг "зөвхөн эр зоригтойгоо үлдлээ" хэмээн бичихэд хүргэжээ.
Хэргийн мөрдөн байцаалтын явцад тогтоогдсоноор, аллагын сэдэл нь "Оптомониторинг" компанитай холбоотой бизнесийн маргаанаас үүдэлтэй байжээ. Савельев нь Ионовыг хөрөнгө шамшигдуулсан хэмээн буруутгаж, улмаар 2023 оны наймдугаар сард түүнийг алах захиалга өгсөн байна. Тухайн үед Ионов Калуга мужийн шоронд ял эдэлж байсан бөгөөд Савельев энэхүү гэмт хэргийг гүйцэлдүүлэхийн тулд 100,000 ам.доллар санал болгосон нь илэрчээ.

Гэвч аллагыг гүйцэтгэхээр тохиролцсон шоронгийн ажилтан асан Холбооны аюулгүй байдлын албанд (ФСБ) мэдээлэл өгснөөр төлөвлөгөө тасалдсан байна. Хууль сахиулагчид 2024 оны гуравдугаар сард аллагыг хуурамчаар зохион байгуулж, Савельевт ажлыг гүйцэтгэсэн гэх нотолгоо болгон хуурамч нас барсны гэрчилгээг үзүүлжээ. Үүний дараа буюу 2024 оны наймдугаар сарын 2-нд Ерөнхий прокурорын хүсэлтээр түүний сенаторын халдашгүй эрхийг цуцалж, Холбооны зөвлөлийн хуралдааны дараа шууд баривчилсан юм.
Энэхүү хэрэгт холбогдсон бусад этгээдүүд мөн зохих ялаа сонссон байна. Хөлсний алуурчин олоход тусалсан хамжигч Сергей Дюковт найман жилийн онцгой дэглэмтэй хорих ял оноосон бол, мөрдөн байцаалтын ажиллагаанд хамтран ажилласан зуучлагч Юрий Нефедов өмнө нь 4 жилийн хатуу дэглэмтэй хорих ялаар шийтгүүлжээ.
Савельев шүүх хурлын туршид өөрийгөө гэм буруугүй, хэргийг зохиомол хэмээн мэдүүлж байсан ч 2026 оны гуравдугаар сард тангарагтны шүүх түүнийг санал нэгтэйгээр гэм буруутай гэж үзсэнээр ийнхүү эцсийн шийдвэр гарлаа.
Эх сурвалж:
• vk.com
• vk.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.