СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шүүгч, прокурор, цагдаа, ИТХ-ын дарга асны хахуулийн хэргийг шүүх хэзээ шийдэх вэ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 сарын өмнө

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалан Р.Аззаяа нарт холбогдох хэргийг хэлэлцэхээр нэг бус удаа товлосон ч хойшлуулсаар ирэх сарын 2-нд хийхээр болжээ. Уг нь эл хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэлээд эрт шалгаж, шүүхээр гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр шилжүүлсэн ч хэргийн оролцогчдын гаргасан гомдол зэргээс шалтгаалж шүүхэд шилжүүлэлгүй удааширсан гэнэ.

Хээл хахууль авсан, өгсөн нэг бус удаагийн үйлдэлтэй эл хэрэгт Ерөнхиийлөгч Х.Баттулгын зарлигаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн тоонд багтсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа, НПГ-ын хяналтын прокурор, Дорноговь аймгийн прокурор асан Л.Бадралт, Баянгол дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Г.Энхболд, цагдаагийн бэлтгэл хурандаа М.Төмөрбаатар, бэлтгэл дэд хурандаа С.Баянмөнх, хуульч Р.Аззаяа, иргэн Д.Саша, Ш.Сарантуяа зэрэг хүнийг яллагдагчаар татсан аж. Гэвч прокуророос Л.Бадралтад холбогдох үйлдлийг тусгаарлан авч үлдэж, бусдад нь Эрүүгийн хуулийн 22.4-4, 22.5-1, 22.5-2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Хэрэгт шалгуулж буй аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтан Д.Сашагийн мэдлийн их хэмжээний тоосгыг хууль сахиулах байгууллагынхан битүүмжлээд байсныг Р.Аззаяагийн оролцоотойгоор цагдаагийн офицерууд чөлөөлүүлэхийн тулд хахууль авсан хэмээн буруутгагдаж буй аж. Мөн Р.Аззаяагийн оролцоотойгоор иргэн Ш.Сарантуяа хүүгийнхээ холбогдсон мансууруулах бодистой холбоотой хэрэгт хөнгөн ял шийтгүүлэхийн тулд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид хахууль өгсөн хэмээн шалгуулсан юм билээ. Баянгол дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Г.Энхболд нэгэн сургуулийн захиралд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахад эрх мэдлээ ашиглан нөлөөлсөн хэмээн яллагдагчаар татагдсан гэдэг.
Прокурор Л.Бадралтын тухайд Р.Аззаяагийн оролцоотойгоор ХЗДХЯ-ны барилгын тендерт нэгэн аж ахуйн нэгжийг шалгаруулах ажилд нөлөөлөхийн тулд эрх бүхий албан тушаалтантай нь уулзаж шийдвэр гаргуулсан гэх хэрэгт холбогдсон юм билээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.