🔴О.Цогтгэрэл: АН хэзээ ч төрийн тогтвортой байдлын эсрэг байр сууриа илэрхийлэхгүй
АН-ын бүлэг: Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, цалин тэтгэврийг өсгөх асуудлыг дэмжих ч үрэлгэн төсвийг танах байр суурьтай байна
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын (АН) бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус бүлгийн зүгээс иргэдийнхээ орлогыг хамгаалах, нэмэгдүүлэх чиглэлд байнга байр сууриа илэрхийлж ирсэн бөгөөд улсын төсвийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, үрэлгэн зардлуудыг хасуулахын төлөө ажиллахаа мэдэгдэв.
Төсвийн хэлэлцүүлэг ба цалин, тэтгэврийн нэмэгдэл
АН-ын бүлгийн зүгээс иргэдийн орлогыг хамгаалах, нэмэгдүүлэх чиглэлд байнга байр сууриа илэрхийлж ирсэн. Энэ удаагийн төсөв дээр барьж байгаа гол байр суурь бол цалин, тэтгэврийн нэмэгдлийг бодитойгоор нэмэх ёстой, харин үрэлгэн төсвөө хасах хэрэгтэй гэдэг шаардлага юм. Энэхүү зарчмын байр сууриа удаа дараа илэрхийлсэн бөгөөд улсын төсвийг цаг хугацаанд нь хэлэлцэн батлах, иргэдийн цалин тэтгэврийг нэмэгдүүлэх асуудал дээр АН-ын зүгээс төсвийн хэлэлцүүлэгт идэвхийлэн оролцоно. Үрэлгэн төсвийг хасах тэрхүү зарчмын зөрүүтэй байр сууриуд дээр манай гишүүд маш идэвхтэйгээр байр сууриа илэрхийлээд явах болно.
Засгийн газрыг огцруулах асуудал ба хариуцлага
Ерөнхий сайд бүрэн эрхийн асуудлаа оруулж ирэхгүй ч байж боломжтой хуулийн зохицуулалттай. Засгийн газрыг огцруулах асуудлын тухайд, Ерөнхий сайдын зүгээс албан ёсны мэдээлэл дээрээ АН-ын тавьж байгаа шаардлагуудыг хүлээж авч байна гэж ойлгосон. Бидний анх тавьсан шаардлага болох Батлан хамгаалахын сайдтай холбоотой, ардын хүүхдийн амь нас үнэгүй байгаа асуудал дээр тавьсан шаардлагуудыг биелүүлнэ гэсэн мэдэгдэл хийсэн гэж харж байна. Мөн Шадар сайд С.Амарсайханы асуудлаарх шаардлагыг биелүүлж ажилласан. Төсөвтэй холбоотой байр сууриудаа ч бид илэрхийлж байгаа бөгөөд энэ бүгдийг дараагийн бүлгийн хурлуудаар ярилцаж, улс төрийн тодорхой шийдвэрүүдээ гаргаад ажиллах болно.
Бүлгийн хурлын шийдвэр ба төрийн тогтвортой байдал
Сая бүлгийн хуралдаанаар гишүүдэд мэдээлэл өгсөн. Бүлгээс яг ямар шийдвэр гарсан бэ гэвэл, энэ асуудлыг бүлгийн хүрээндээ ярилцаж, тавьсан шаардлагууд биелсэн эсэх дээр шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж үзсэн. Түүнчлэн төсвийн хэлэлцүүлэг, ард иргэдийн цалин тэтгэврийг нэмэх асуудал дээр АН улс төрийн намынхаа хувьд идэвхтэй байр суурь илэрхийлж, үнийн өсөлтийн эсрэг тодорхой бодлого барьж ажиллах чиглэл, ажлын хэсгийн саналуудыг өгсөн.
Засгийн газрыг огцруулах нь дараа дараагийн эрсдэлийг бий болгоно гэх мэт янз бүрийн таамгууд, ээлжит бус сонгуулийн тухай яриа байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ АН-ын зүгээс төрийн тогтвортой байдлын эсрэг хэзээ ч байр суурь илэрхийлж байгаагүй. Монголын төрийн тогтвортой байдал гэдэгт төрийн эрх барих дээд байгууллага буюу парламент орно. Засгийн газар өөрчлөгдөх, солигдох, хариуцлага тооцогдох асуудал бол парламентын засаглалтай аль ч оронд байдаг зүйл. Харин парламент өөрөө тарах гэдэг бол хүсүүштэй зүйл биш бөгөөд энэ нь төрийн тогтвортой байдалд хамаарна. Засгийн газар огцрох асуудал бол төрийн тогтвортой байдал гэхээсээ илүү хариуцлагын асуудалд хамаарна.
Сайд нарт хариуцлага тооцох шаардлага
Батхүү сайдад хариуцлага тооцох юм бол шаардлага бүрэн хангагдлаа гэж ойлгож болох уу гэдэг асуултад манай бүлэг дээр үүнийг дахин ярилцана гэж хариулъя. Мөн Ерөнхий сайдын айлчлалтай холбоотойгоор хариуцлага тооцно гэж МАН-ынхан ярьж байгаа. Энэ талаар ярилцаж, төсвийн зарлагын тайлангаа ил тод тавих ёстой гэдэг байр суурийг манай намынхан илэрхийлж байна.
АН-ын үндсэн шаардлагыг үе шаттайгаар яривал, ардын хүүхдийн амь нас үнэгүй байна, тиймээс Батлан хамгаалахын сайдтай хариуцлага тооцох ёстой гэдэг шаардлагыг тавьсан. Үүнд хариу ирээгүй учраас Ерөнхий сайдад өөрт нь хариуцлага тооцох ёстой гэдэг шаардлагыг дараа нь тавьсан юм. Энэ процесс ийм байдлаар үргэлжилж байна. АН хэзээ ч төрийн тогтворгүй байдлын төлөө яваагүй, бодлого тогтвортой хэрэгжих ёстой гэж үздэг. Эрх баригч намын дотоод зодоон, үймээн нь улс орны зовлон битгий болоосой гэдэг байр суурь дээр асар хүлээцтэй хандаж ирсэн гэдгийг онцгойлон хэлье. Хариуцлага тооцох асуудлыг бүлгийн ээлжит хурлуудаараа хэлэлцээд явна.
Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудал ба бүлгийн гишүүдийн байр суурь
Ж.Тэмүүжин гишүүний хэлж байсанчлан Ерөнхий сайдад өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэх эрх зүйн орчин байх ёстой ч тэдний аль нь ч үүнийг хүсэхгүй байгаа. Засгийн газрыг огцруулах асуудал дээр манай бүлгийн олонх гишүүд төсөвтэй холбоотой олон зүйл болохгүй байгаа тул Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барих ёстой гэдэг байр суурийг албан бусаар илэрхийлсэн. Ерөнхий сайд өөртөө итгэлтэй байна гэдэг бол тайлбар биш, энэ бол Ерөнхий сайд өөртөө итгэх тухай яриа биш юм. Парламент Ерөнхий сайдад итгэж байгаа эсэх, бодлогыг нь дэмжиж байгаа эсэхийг Үндсэн хуулийн томьёоллоор парламент дээрээ оруулж ирж хагалах нь өөрөө парламентын ардчилалтай орнуудын жишиг юм.
Төсвийн хэлэлцүүлэг ба суурь тэтгэврийн шинэчлэл
АН төсвийн хэлэлцүүлэгт сууна. Манай бүлгийн гишүүд хуралдаанд оролцож, орлого нэмэх, цалин тэтгэвэр нэмэх асуудал дээр идэвхтэй ажиллана. Сая АН-ын бүлгийн гишүүд уулзаж ярилцахад улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой гэдэгт санал нэгдсэн. Ирэх 11 дүгээр сарын 1-нээс нэмэгдэх цалин, тэтгэврийн асуудал бол АН-аас 2014 оноос санаачлаад явж байсан олон давхаргат тэтгэврийн тогтолцооны үр дүн бөгөөд ахмадууд анх удаа суурь тэтгэврийг гар дээрээ авах гэж байна. Энэхүү мөрийн хөтөлбөр маань биелж байгаа учраас АН-ын бүлэг үүн дээр маш хариуцлагатай оролцож, энэ санал санаачилгыг 100 хувь дэмжинэ. Бүх хуралдаанд сууна.
Гагцхүү бид юун дээр эсрэг байгаа вэ гэхээр, төрийн мөнгөөр онгоц хөлслөн олуулаа намын гадаад, дотоод томилолт хийдэг үрэлгэн зардлуудыг дэмжихгүй. Тийм учраас АН-ын бүлгээс ажлын хэсэг гараад, энэ бүх үр ашиггүй зардлыг танах тал дээр онцгой анхаарч ажиллах болно.
Бүлгийн даргыг шилжүүлэх асуудал
Бүлгийн даргын асуудлыг хэзээ шийдэх тухайд, би удаа дараа бүлгийн даргын асуудлао шилжүүлье гэж бүлэг дотроо ярьдаг ч "түр хойшлуулаач" гэдэг саналууд гардаг байсан. Сая би бүлэг дээрээ мэдээлэл өглөө. Тун ойрын хугацаанд, бүлгийн аль нэг ээлжит хурал дээр манай нөхдийн цаг зав, оролцоог сайн хангаж байгаад би бүлгийн даргаа шилжүүлэх саналыг тавина. Та бүхэн бас мэдээлэлтэй, бэлтгэлтэй байж байгаарай. Үүнийг гэнэт хийхгүй, урьдчилж зарлаад, оролцох хүмүүст нээлттэйгээр бэлтгэлийг нь хангуулж байгаад хэлнэ гэдгээ бүлгийн гишүүдэд мэдээлсэн. Гишүүдийн гадна, дотны томилолтыг харгалзан үзэж, тохиромжтой цагт оролцоог нь бүрэн хангаж байгаад хийлгэх бодолтой байна.
Н.Алтанхуяг гишүүний асуудал
Н.Алтанхуяг гишүүний асуудлаар шүүхээс нэмэлт тайлбар гаргасан талаар хэлэхэд, Н.Алтанхуяг гишүүн бол АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бүрэн боломжтой, дүүрэн ялах магадлалтай кандидат мөн. Гэтэл гурван шатны шүүхээс цагаатгаж, хэрэгсэхгүй болгосон хэргийг шүүхээр дахин чаргууцалдаж байгаа нь үнэхээр улс төрийн захиалгатай үйл явц гэж бид харж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.