🔴Б.Бат-Эрдэнэ: Аливаа сонсгол хэн нэгний тодрох тавцан байж болохгүй

AI хөрвүүлсэн

Б.Бат-Эрдэнэ: ХХААХҮ-ийн салбарын ерөнхий сонсголд шаардсан баримтын 63 хувийг ирүүлээгүй тул амжилтгүй болсон гэж дүгнэж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008–2025 онуудад олгогдсон зээл, хөнгөлөлттэй зээл, дэмжлэг, урамшууллын асуудлаар зохион байгуулагдсан Ерөнхий сонсголын талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ.

Тэрбээр тус сонсголыг үр дүнгүй, амжилтгүй болсон хэмээн дүгнэж буйгаа онцлоод дараах тайлбарыг өгөв:

“ХХААХҮ-ийн салбарын өнгөрсөн хугацааны зээл, дэмжлэгтэй холбоотой Ерөнхий сонсголыг миний бие амжилтгүй болсон гэж дүгнэж байна. Учир нь шинжээчдийн зүгээс шаардсан нийт баримт материалын 63 хувийг зохион байгуулах ажлын хэсэгт огт ирүүлээгүй байна. Иймд өнөөдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандухайд албан ёсоор мэдээлэл гаргуулах, хариуцлагын асуудал авч үзэх тухай албан тоотыг хүргүүлж байна.

Аливаа сонсгол нь хэн нэгний тодрох тавцан, эсвэл хэн нэгнийг гүтгэх тайз байж болохгүй. Энэхүү сонсголыг эцсийн үр дүнд хүртэл явуулах ёстой гэж үзэж байна. Хянан шалгах түр хороо байгуулагдаж, өнгөрсөн хугацааны 6 их наяд төгрөгтэй холбоотой асуудлууд сөхөгдөх учиртай. Хэрэв үндэслэлгүйгээр гүтгэгдсэн аж ахуйн нэгжүүд байгаа бол тэдний нэр хүндийг цэвэрлэх шаардлагатай.

ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгосон дэмжлэг, урамшуулал, зээлийн хүүгийн татаасын хүрээнд яамнаас ирүүлсэн баримтын бүрдэл хэмээн шинжээчдийн тараасан албан ёсны жагсаалт бий. Үүнээс харахад салбарын сайдын тушаал, талуудын байгуулсан гэрээ, холбогдох дүрэм журам, эрх зүйн баримт бичгүүд ирсэн эсэх ангиллаар дүгнэхэд нийт шаардлагатай материалын 63 хувь нь ирээгүй. Ийм нөхцөлд сонсгол хүчин төгөлдөр болох боломжтой эсэх дээр бид УИХ-ын тогтоол гарах ёстой гэдэг зарчмыг хөндсөн.

Тухайлбал:

  • Махны үнийн хөнгөлөлт, урамшуулал, нөөцийн мах, нөөцийн махны бэлтгэлтэй холбоотой сайдын тушаал байгаа ч талуудын хооронд байгуулсан гэрээ, холбогдох дүрэм журам нь байхгүй;
  • Улаан буудайн урамшууллын 2008 оны арга хэмжээний баримт байхгүй;
  • Хонины болон тэмээний ноосны урамшууллын гэрээ байхгүй;
  • Арьс ширний урамшууллын гэрээ байхгүй;
  • Түүхий сүүний урамшууллын гэрээ байхгүй;
  • Ноолуурын урамшууллын гэрээ байхгүй;
  • Хүнсний ногооны урамшууллын гэрээ мөн байхгүй байна.

Төр урамшуулал олгохдоо гэрээ байгуулахгүйгээр олгоод байсан юм уу? Ямар албан тушаалтан, хууль эрх зүйн ямар үндэслэлээр гэрээгүйгээр олгосон бэ гэдэг асуудал үүснэ. Эсвэл УИХ-аас шаардсан эдгээр материалыг санаатайгаар нуун дарагдуулсан уу гэдэг үндэслэл гарч ирж байгаа юм.

УИХ-ын тухай хуулийн 7.5 дахь хэсэгт УИХ хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор шаардсан мэдээлэл, тооцоо, судалгаа, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан нуун дарагдуулахыг хориглосон байдаг. Ерөнхий хяналтын сонсгол нь өөрөө УИХ-ын хяналт шалгалтын нэг хэлбэр мөн. Түүнчлэн худал мэдээлэл өгсөн, бодит мэдээллийг нуун дарагдуулсан тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлөх тусгай зохицуулалт бий. 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн нэмэлтээр Төрийн албаны тухай хуулийн 32.8-д зааснаар УИХ-ын тухай хуулийн 21.28, 21.30-д заасан асуудлаар худал мэдээлэл өгсөн, бодит мэдээллийг нуун дарагдуулсан, худал мэдээлэл хүргүүлсэн нь тогтоогдвол буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр тусгасан байдаг.

Иймээс БОХХАА-н байнгын хорооны дарга М.Мандухайгаас дараах тодорхой мэдээллийг байгууллага, албан тушаалтан тус бүрээр нэгтгэн ирүүлэхийг шаардаж байна:

  1. Байгууллагын нэр;
  2. Шаардсан албан бичгийн огноо, дугаар;
  3. Шаардсан боловч ирүүлээгүй болон дутуу ирүүлсэн баримт мэдээллийн жагсаалт;
  4. Тухайн баримт мэдээллийг гаргаж өгөх үүрэг бүхий албан тушаалтан, төрийн албан хаагчийн овог, нэр, албан тушаал;
  5. Материал ирүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн болон шаардлага хангаагүй шалтгаан, холбогдох тайлбар.

Мэдээлэл ирүүлээгүй төрийн бүх албан тушаалтныг үүрэгт ажлаас нь шууд чөлөөлөх хууль эрх зүйн зохицуулалттай. Энэ материалыг өнгөрсөн Мягмар гарагт болсон Ерөнхий сонсголын үеэр гаргаж өгөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл миний гар дээр ч, сонсголд оролцсон бусад УИХ-ын гишүүдийн гар дээр ч ирээгүй байна.

Иймд БОХХАА-н байнгын хорооны дарга, сонсгол зохион байгуулагч М.Мандухай даргад хандан эдгээр мэдээллийг яаралтай ирүүлэхийг шаардаж байгаа бөгөөд холбогдох албан тушаалтнуудыг хуулийн дагуу төрийн албанаас шууд чөлөөлөх арга хэмжээ авахыг шаардаж ажиллана. Сонсгол гэдэг бол хэн нэгний тодрох тайз биш, нөгөө талдаа гэм буруугүй бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийг гүтгэдэг талбар байж болохгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.