СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-23

МАН-аас баруун бүсэд сойсон “шинэ” нэр дэвшигчид ХЭН бэ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

МАН-аас баруун бүс рүү буюу Ховд, Завхан, Говь-Алтай, Увс аймаг руу илгээх 10 нэр дэвшигчээ тодрууллаа. Эрх баригч намаас тус намын генсек Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан, Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Заяабал нарыг баруун бүс рүү илгээх мандат олголоо.

Тэгвэл тэр дунд өнгөрсөн жил парламентад суугаагүй буюу “шинэ” дэвшигч дөрөв байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан, Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Заяабал нар юм.

Тэдэнд Ямар Онцлог, Давуу Тал Байгааг Товчхон Танилцуулья

“ЦАГААН АЛТ”-ЫН З.МЭНДСАЙХАН  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан эдийн засагч мэргэжилтэй. Өмнө нь Сангийн яаманд газрын дарга, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн хорооны дарга, Хөдөө аж ахуйн сайд, Ерөнхий сайдын зөвлөх, Ерөнхийлөгчийн зөвлөх гээд төрд  хариуцлагатай албан тушаал хашиж иржээ. Сүүлийн үед тэрээр Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувиар хөдөө орон нутгаар үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх “Цагаан алт” хөтөлбөрийг амаа чилтэл ярьж, малчин түмний саналыг сонсож явсан. Ерөнхийлөгчийн манлайлал дор хөдөө аж ахуйн салбарын гажуудлыг засаж залруулах өөрчлөх ажлыг бодлогын хэмжээнд “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр хуулийн төсөл боловсруулж бэлэн болгож, иргэдийн саналыг тусгахаар ажиллаж байгаа аж. Хуулийг энэ хаврын УИХ-ын чуулганд өргөн барих юм. Малчдад чиглэсэн “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд арьс шир хогийн цэг рүү биш үйлдвэрт, экспортод гарч өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж энэ хүрээнд баруун бүс нутагт хөнгөн үйлдвэрийн салбар хөгжих суурь тавигдана гэж үзэж буйг хөдөө аж ахуйн салбарынхан хэлж байгаа. 

“ХОВД”-ЫН Э.БОЛОРМАА 

Харин Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа орон нутгийн хөгжил, хөдөөгийн сэргэлтийг голчлон ярьж яваа. Тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхад Э.Болормаа Засаглалын шинэчлэл хариуцсан зөвлөхөөр ажиллаж байв. 2021 оны нэгдүгээр сараас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр томилогдон ажилласан. Тэр Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулахад оролцсон. Энэ ч хүрээнд Ховд аймагт хэрэгжүүлэх томоохон төслүүдэд ахиц гаргах зорилгтойгоор Ерөнхий сайд болон МАН-ын улс төрийн дэмжлэгийг авч, Ховд аймгийн Засаг даргад нэр дэвшиж сонгогдон ажиллаж байгаа. Эдийн засагч, олон улсын харилцаа мэргэжилтэй. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД АСАН С.ЭНХБОЛД 

С.Энхболд цар тахлын жилүүдэд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан. Энэ хүрээнд хүн амыг вакцинжуулах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог орон даяар хийхэд чухал үүрэг оролцоотой ажилласан хүмүүсийн нэг. Мөн тэрээр гинээр зургаан төрлийн өвчнийг Монголд эмчилдэг болсноор олон тэрбумын бодит зардлыг хэмнэж чадсан гэж ярьдаг.Тиймээс хүн амын эрүүл мэндийн бодлогыг ярих давуу талтай. Их эмч мэргэжилтэй. Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 10 гаруй жил ажиллаж, 2007 онд Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн дүрс оношилгооны төвийн даргаар, 2019 онод  Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн Ерөнхий захирал, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт Дүрс оношилгооны төвийн дарга, Эрүүл мэндийн сайдаар ажилласан. 

“ТАТВАР”-ЫН Б.ЗАЯАБАЛ 

Б.Заяабал Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа нэлээн үр дүнтэй, бодит хэмнэлт гаргаж чадсан гэдэг. Тухайлбал, татварын албаны цахим шилжилт, шинэчлэлд татвар төлөгч талдаа бүртгүүлэх, тайлагнах, төлөх ажиллагааг цахимжуулснаар жилдээ нэг орчим тэрбум төгрөгийн зардал хэмнэжээ. Тэрбээр МУИС-ийн Эдийн засгийн сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-д боловсрол эзэмшсэн гэдэг утгаараа эдийн засаг талаасаа ярьдаг. УИХ-ын гишүүний туслах, Өрхийн Амьжиргааг дэжих хөтөлбөрийн төслийн ажилтан, Түлш эрчим хүчний яамны хэлтсийн дарга, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны газрын дарга, Төрийн өмчийн хорооны газрын дарга, Төрийн өмчийн хорооны дарга, Санхүүгийн зөвлөх, УИХ-ын гишүүний зөвлөх, Татварын Ерөнхий Газрын дэд дарга, Татварын Ерөнхий Газрын даргаар ажиллаж байсан. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.