🔴Л.Хосбаяр: Би яллагдагч, сэжигтнээр татагдаагүй, АТГ-т холбогдох тайлбараа өгөөд явж байна

AI хөрвүүлсэн
🔴Л.Хосбаяр: Би яллагдагч, сэжигтнээр татагдаагүй, АТГ-т холбогдох тайлбараа өгөөд явж байна

НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр нь Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан юм. Х.Нямбаатар Улаанбаатар хотын захирагчаас чөлөөлөгдөж, шинэ захирагч томилогдон багаа бүрдүүлснээр Л.Хосбаяр нь Нийслэлийн Засаг даргын орлогчоос чөлөөлөгдсөн билээ. Авлигатай тэмцэх газраас түүний "ажил болон гэрт нь шалгалт хийсэн" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа юм. Хотын дарга Б.Пүрэвдагва "Шинэ үеийн Улаанбаатар" бодлогоо танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулах тэрээр энэ асуудалд тайлбар өглөө. 

НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр: 

-Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатартай хамт нийслэлд ажиллахаар ирсэн. Энэ хугацаандаа Улаанбаатар хотын төсөв, санхүүтэй холбоотой зохицуулагчийн ажлыг хийж байсан. Энэ хүрээнд Засгийн газраас болон Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас нийслэлийн 2025, 2026 оны төсөвтэй холбоотой алдаа дутагдал бий эсэх, 5-10 болон 80 их наяд төгрөгийн төсвийн цаана юу байгаа болон 24 мега төслийн хэрэгжилт дээр алдаа дутагдал гарсан эсэх, зөв, бурууг тогтоохоор томоохон ажлын хэсэг байгуулагдсан юм байна. 

Миний бие тухайн ажлыг эрхэлж байсан хүний хувьд АТГ-аас дуудаж тодруулга авах бүрэн эрх нь хуулийн байгууллагад бий. Тийм ч учраас АТГ дээр дуудагдаж, эрхэлж байсан ажлынхаа хүрээнд албан ёсны тодруулга, тайлбараа өгсөн. Өнөөдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан зүйл ангиар яллагдагчаар татагдсан эсвэл сэжигтэн болсон зүйл надад огт байхгүй. 

Өөрийнхөө хувьд хуулийн хүрээнд үнэн шударга ажиллаж ирсэн гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Тийм учраас намайг сонгосон иргэд маань эргэлзэхгүй байгаарай гэдгийг энэ олон камерын өмнө хариуцлагатайгаар хэлэхийг хүсэж байна. 

Хуулийн байгууллага нэгэнт шалгаж байгаа учраас 24 мега төсөлтэй холбоотой хэрэгжилт, санхүүжилтийн эх үүсвэр, мөнгө босгох ажлыг миний бие хариуцаж байсан. Тиймээс аль төсөл дээр ямар шугамаар хөрөнгө, санхүүжилт босгосон талаарх тайлбаруудаа холбогдох байгууллагад нь өгөөд явж байна. Харин тухайн хөрөнгийн зарцуулалт над дээр байгаагүй, миний хариуцах ажил биш байсан тул тэр талаар мэдэхгүй байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.