🔴Д.Цогтбаатар: Хаа хаанаа хариуцлагатай байж асуудлаа шийдэхгүй бол цаг хугацаа биднийг хүлээхгүй

AI хөрвүүлсэн
🔴Д.Цогтбаатар: Хаа хаанаа хариуцлагатай байж асуудлаа шийдэхгүй бол цаг хугацаа биднийг хүлээхгүй

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ төсвийн тодотгол тойрсон асуудал болон Байнгын хороодын хуралдааны ирц, зохион байгуулалтын талаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын Д.Цогтбаатар: 

-Чуулган болон байнгын хороодын хуралдаан хугацаандаа эхлэхгүй, хойшилж байгаа нь гишүүдийн ирцтэй холбоотой. Энэ асуудалд МАН гээд нэг нам руу чихэж, улстөржөөд байх шаардлагагүй. Гол нь гишүүдийн өөрсдийнх нь хандлага дутмаг байна. Өчигдөр Эдийн засгийн байнгын хороо хуралдах гэж нэлээд сунжирсан. Хуралдчихвал би ч бас орж асуудал ярих гээд хүлээж сууна. Төсвийн байнгын хороо ч мөн ийм байдалтай байна. Зарчмын хувьд ярихад Монголын төр ёс төдий, оромдсон байдлаар ажлаа явуулдаг болчхоод байна. 

Урсгал зардлыг нэмэх хүрээнд багш, эмч нар, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг ярих гэхээр салбарын удирдлагууд нь томилолтоор явчихсан байдаг. Оронд нь ирсэн мэргэжилтнүүд нь асуултад ч олигтой хариулж чаддаггүй. Ийм хандлагатай удирдлагууд, тэднийг нь хуралдсан дүр эсгээд цааш нь явуулчихдаг Байнгын хороо, Байнгын хорооны дарга, Чуулганыг харахад бид зүгээр л тоглоом тоглоод байгаа мэт харагдаж байна. Хаа хаанаа хариуцлагатай байж асуудлаа шийдэхгүй бол цаг хугацаа биднийг хүлээхгүй. УИХ-ын дарга гишүүдийнхээ байдлыг мэдэж л байгаа байх, гэхдээ гишүүд өөрсдөө ажилдаа ирэх үүрэгтэй. 

Энэ долоо хоног дуусаж байхад гишүүдэд төсвийн зардлын задгай тоо, нарийн мэдээлэл очихгүй байна. Би дөнгөж сая Төсвийн байнгын хорооныхонтой энэ асуудлыг ярьчхаад гарч ирлээ. Улсын хэмжээнд хэчнээн төрийн албан хаагчтай, тэдэнд ямар хэмжээний цалин өгдөг, бүтээмж нь ямар байгаа талаар шинжилгээ, тооцоолол хийе гэхээр УИХ болон Төсвийн байнгын хороон дээр нарийвчилсан дата алга байна. Бид ийм өгөгдлийг бүрэн мэддэг байж зөв шийдвэр гаргана. 

Ирэх жилийн 43 их наяд төгрөг чухам юунд зарцуулагдах гэж байгаа юм, хөрөнгө оруулалт болон урсгал зардал нь өмнөх жилээсээ буурсан юм уу, томилолтын зардал багассан уу гэдэг бодит тоо баримт руу орж ажилламаар байна. Гэтэл тийм тооцоо алга. Би Зарлагын хяналтын дэд хорооны дарга атлаа мэдээллүүд нь ирдэггүй, бичиг өгч байж авдаг гажиг тогтолцоо үйлчилж байна. Ерөөсөө тоглоом шоглоом хийгээд байгаа мэт харагдаж байна.

Одоогийн оруулж ирсэн төсөвт сүртэй хэмнэсэн зүйл байхгүй. Тавдугаар сарын 31-н гэхэд гэрээ нь хийгдээгүй зардлууд хуулиараа татагддаг. Түүнийг нь аваад цалин, ахмадын тэтгэвэр рүү хийж байна. Энэ бол өмнө нь хийчих ёстой байсан ажлыг 2027 оны төсвийн урьдчилсан хэл амны бай болгож оруулж ирж буй хэрэг. Ерөнхий сайд асан Г.Занданшатарын үед гаргасан тооцооллын алдаа л үргэлжилж байна. Боловсролын сайд нь гурван талт хэлэлцээр хийхдээ үндсэн цалин биш, нэмэгдэл цалинг нэмнэ гэснээс үүдэж энэ маргаан анх үүссэн. Тухайн үед нь засчих боломжтой байсан зүйлийг хойшлуулсаар эцэст нь тулгаж, шийдэх гэхээрээ дахиад л гацаадаг дүр зураг үүслээ. 

Миний хувьд арилжааны банканд ажиллаж байсан туршлагатай. Банкнаас шаардлага хангасан хэдэн хүн авчраад энэ төсөв дээр хамт суухад 43 их наяд биш, 20 их наяд дээр багтаан төсвөө гаргах тооцооллыг хийж чадна. Бид өнөөдөр бэл бэлчинтэй баян айлын хүүхэд шиг л цацаж тоглоод байна. Тухайлбал, 2016 онд Б.Болор Сангийн сайд байх үед улс 7.9 их наяд төгрөгөөр ажиллаж болдог байсан. Мөн 2020 онд улсын цалингийн зардал 2.6 их наяд байсан бол тодотголын өмнө 6.9 их наяд, тодотголын дараа 7.7 их наяд болж өслөө. Гэтэл ажилтнуудын тоо өсөөд байна уу, эсвэл авч буй хүний цалин бодитоор нэмэгдээд байна уу гэдэг нь тодорхойгүй байна

Цалин нь бодитой нэмэгдээд явбал сайн хэрэг. Тангараг өргөсөн эмч, цагдаа, прокурор гээд ажлын төлөө үр дүн гаргах гээд зүтгэж буй хүмүүсийн ажлын ачаалал асар их байна. Гэтэл тэдний цалин дорвитой өсөхгүй, нэмэгдэл нэрээр эмч, багш нар руу дайрах хэр нь тэдэнд очсон дорвитой мөнгө алга. Хангалттай цалин авч байгаа хүн алга. Зүгээр л тоог нь хийсвэрээр өсгөж, зардлын хэтрэлт гаргаж байна. Ийм үр ашиггүй зардлуудаа хумиж, нэн шаардлагатай чиглэлдээ зарцуулбал төсөвт маш их боломж бий гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.