Монгол Улсын залуучуудын шигшээ баг урьдчилсан шатны “I”хэсгийн тэргүүн байраар шалгарчээ
Монгол Улсын залуучуудын шигшээ баг 20 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “I” хэсэгт амжилттай өрсөлдөж, хэсгийн тэргүүн байраар шалгарлаа. Эхний тоглолтдоо 7:0 харьцаатай Умард Марианы Арлуудын багийг бут ниргээд байсан бол хэсгийн 2 дахь тоглолтоо Гуамын багтай хийж 3:0 харьцаатай илүүрхэн хожлоо.
Тухайн тоглолтод Монголын багаас Н.Эрдэнэбаатар 16’, Жэйсон Ёндонжамц 34’, Б.Хабул 66’ нар гоолуудыг оруулсан байна. Япон улсаас ирж шигшээ багтаа тоглож буй Н.Эрдэнэбаатарын хувьд хоёр тоглолт дараалж нээлтийн гоолыг торгуулийн талбайн гаднаас цохиж оруулсан онцлох тоглолтыг үзүүллээ. Өөрийн талбайдаа хүлээн авснаараа давуу талбай байсан энэ тоглолтод 1724 үзэгч ирж баг тамирчдаа уухайлан дэмжжээ.

Энэ өдөр Монголын багийн дасгалжуулагч Марко Ражини багийнхаа хувилбарыг 4-4-2 болгон өөрчилсөн нь оновчтой шийдвэр боллоо. Нягт хамгаалалт, бөмбөг эзэмшилтээс хурдан довтолгоо, гүнээс уралдуулсан алсын дамжуулалтаар довтолгоонуудаа явуулсан нь үр дүнгээ өгсөн юм.

Дасгалжуулагч тоглолтын дараа хэлэхдээ “Миний хөлбөмбөгийн боловсролоо эзэмшсэн Итали улсад эхлээд гоол алдахгүй байх нь чухал. Гоол оруулах бол дараагийн зорилго байдаг. Манай баг тоглолтоос тоглолтод дэвшил гаргаж байна. Тактик сайн хэрэгжиж, хүссэн үр дүнгээ авлаа. Тэднээр бахархаж байна” гэсэн юм.
Монголын багийн хувьд 2 тоглолтод дараалж хожихдоо нийт 10 гоол оруулахын сацуу хаалгандаа гоол алдаагүй гэсэн онцлох үзүүлэлтийг гаргасан юм. Ингэснээр манай баг хэсгээ тэргүүлж дараагийн буюу 2029 оны 20 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан үндсэн шатнаас тоглох эрхээ авч байна.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.