Д.Энхбаяр: Торгуулиа 14 хоногийн дотор төлөөгүй бол 50 хувиар нэмэгдэнэ
Жолооч зөрчил гаргаж, торгууль оногдуулснаас хойш 14 хоногийн дотор торгуулиа төлөхгүй бол торгуулийн хэмжээг 50 хувиар нэмэгдүүлнэ, торгуулиа төлөөгүй жолоочийг хөдөлгөөнд оролцуулахгүй гэдэг мэдээлэл байгаа юм. Энэ талаар Тээврийн цагдаагийн газрын хошууч Д.Энхбаяраас тодрууллаа.
-Жолооч зөрчил гаргаж, торгууль оногдуулснаас хойш 14 хоногийн дотор торгуулиа төлөхгүй бол торгуулийн хэмжээг 50 хувиар нэмэгдүүлнэ гэдэг үнэн үү?
-Энэ оноос хэрэгжиж эхлэж байгаа. Жолооч зөрчил гаргаж, торгуулсан нөхцөлд 14 хоногийн дотор торгуулиа төлөх ёстой. Төлөөгүй бол 50 хувиар торгуулийн хэмжээ нэмэгдэнэ. Хорин мянган төгрөгөөр торгуулиад хугацаандаа төлөөгүй бол 30 мянган төгрөг болно гэсэн үг. Энэ нь өмнөх оны торгуультай хамаагүй. Зөвхөн энэ оноос хэрэгжинэ.
-Торгуулиа төлөөгүй жолоочийг хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн үү?
-Тийм зүйл байхгүй. Торгуулиа төлөөгүй гээд хөдөлгөөн оролцуулахгүй гэдэг ташаа мэдээлэл. Автомашинаа худалдан борлуулах, оношилгоонд орох зэрэгт торгуулиа төлсөн байх гэдэг шаардлага тавигддаг. Энэ журам хэвээр үйлчилж байгаа. Түүнээс торгуультай гээд хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн зүйл байхгүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.