С.Баярцогт: Ерөнхийлөгч асан Х.Баттулга намайг харлуулах үйл ажиллагааг зохион байгуулалттай хийдэг
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо (АЭХ)-ны ерөнхийлөгчийг сонгох дээд чуулганыг зохион байгуулах талаар Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийв. Энэ үеэр Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогтоос өөртэй нь холбоотой асуудлуудын талаар сэтгүүлчдийн асуултад тэрбээр дараах хариултыг өглөө.
-Монгол Улс 1992 онд ардчилсан үндсэн хуулиа батлахдаа гүйцэтгэх, хууль тогтоох засаглал, шүүх эрх мэдлийг тэнцүү хуваарилсан. Энэ тэнцүү эрх мэдэлтэй байгууллагууд нэгнийгээ шүүх байдал бий болох юм бол Монголд ардчилал үгүй болно. Шүүх засаглал хэнээс ч хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах ёстой. Бидний хэргийг шүүсэн хянасан нийслэлийн прокурор, анхан шатны шүүх дээр ялласан шүүгч нь авлигын хэргээр ял авсан.
"Эрх мэдлийн хонгилоор гурван давхарт ялын бодлого нь төлөвлөгдөн шийдэгдэж байна" гэж Х.Нямбаатар сайдын хэлж байсан нь бодитой үнэн зүйл. Энэ бүгд ил тод болно. Монголын шүүхээр дөрвөн түвшинд ороод энэ асуудал хилс хэрэг байсан нь шийдэгдсэн. Би ганцхан газар шалгагдаагүй Монгол, Швейцар, Хонконг, Австрали зэрэг улсуудад шалгалтад ороод гарсан.
Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд ерөнхийлөгч асан Х.Баттулга өгсөн. Үндсэн хуулийн цэц, Сахилгын хороо, Авлигатай тэмцэх газар зэрэг бүх шатандаа шалгагдсан. Нээлттэй сонсгол хийдэг бол улс төрийн зорилгоор болсон зүйл гэдэг нь мэдэгдэнэ.
Миний эсрэг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа хүмүүс нь маш ойлгомжтой. Манай хуучин ерөнхийлөгчийн зүгээс зохион байгуулалттайгаар хийдэг. Яг манай намын үйл ажиллагаа идэвхжих үеэр л дайралтуудыг хийдэг. Хэн яаж бичиж түгээж байгааг нь харж байгаа байх.
Би удахгүй өөрийн фэйсбүүк, твиттер, инстаграм, тик ток хуудсыг нээж гараад буй асуудлуудад цаг тухайд нь үнэн зөв мэдээлэл өгч байх үүднээс олон нийтийн сүлжээг идэвхтэй хэрэглэнэ.
Экс ерөнхийлөгч намайг харлуулах ажлыг зохион байгуулалттай хийдэг гэлээ. Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын хэнийг хэлж байгааг тодруулахад “ Хэн нь ҮХЦ дээр улаан ороолттой очоод асуудлыг тавиад байсныг бүгд мэднэ” гэв
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.