СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-08-12

Д.Лүндээжанцан: Эрх зүйн шинэтгэлийн үйл явц нь хөгжлийн бодлого, хүний эрхэд суурилан улам гүнзгийрэх учиртай

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал салбар хэлэлцүүлгүүдээрээ үргэлжилж байна.

“Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн хүрээнд болж буй энэ удаагийн их хуралд нийт 27 орны 500 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож, Монголын түүх, антропологи, археологи, хэл бичиг, урлаг утга зохиол, нийгэм эдийн засаг, хууль эрх зүй, гадаад харилцаа, соёл уламжлалын чиглэлээр судалгаа, шинжилгээнийхээ үр дүнг танилцуулан хэлэлцүүлж байгаа юм.

Тус хурлын III салбар хэлэлцүүлэг “Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз” сэдвээр МУИС-ийн Төв номын санд хоёр дахь өдрөө үргэлжилж, АНУ, ХБНГУ, ОХУ, Япон, Монгол зэрэг орны эрдэмтэн, судаачид өөрсдийн илтгэлийг танилцуулсан юм.

Энэ үеэр Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан “Монгол Улс дахь улс төр, эрх зүйн шинэтгэл” (1992 оноос хойш) сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр Ардчилсан шинэ Үндсэн Хууль ба Төрийн тогтолцооны шинэтгэл, Эрх зүйн шинэтгэлийн үйл явц, Улс төрийн нам, Иргэний нийгмийн байгууллагын төлөвшил болон Сонгуулийн тогтолцооны шинэчлэл гэсэн үндсэн дөрвөн агуулгаар судалгаа, санал, дүгнэлтээ танилцуулав. Илтгэлийнхээ эхэнд, Ардчилсан шинэ Үндсэн хууль нь хүний үндсэн эрх, эрх чөлөөг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн баталгаажуулсан бөгөөд төрийн эрх мэдлийг хуваарилж, Үндсэн хуулийн хяналтын механизмыг бий болгосноороо онцлог гэдгийг тодотголоо. Түүнчлэн, эрх зүйн шинэтгэлийн үйл явцын үндсэн чиглэлүүд, дэвшүүлсэн зорилтуудыг тоймлож, тэдгээрийг улс төрийн тогтолцооны өөрчлөлт болон нийгэм, цаг үеийн хэрэгцээнд тулгуурлан тайлбарласан юм.

Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан, Ардчилсан шинэ Үндсэн хууль нь улс төр эрх зүйн зөвшилцлийн баримт бичиг, төр иргэдийн хооронд байгуулсан нийгмийн гэрээ болж чадсаныг онцлон тэмдэглээд эрх зүйн шинэтгэлийн үйл явц улс орны хөгжил, хүний эрхэд суурилан цаашид ч улам гүнзгийрэх учиртайг дурдлаа. Мөн тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд улс төрийн намууд ардчилсан үзэл дээр зөв төлөвшихгүй, эрх зүйн орчныг нь сайжруулахгүйгээр улс орны хөгжил дэвшил, авлига хүнд суртлаас ангид байх, төрийн байгуулал, иргэний эрх, эрх чөлөөг баталгаажуулах нөхцөл бүрдэхгүйг сүүлийн 30 жилийн хугацааны сорилт, сургамж харууллаа хэмээн дүгнэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.