Магнаг болж байсан ноолуурын үнэ энэ хавар навс унах уу
Х.Баттулга Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд байхдаа "Малын арьс, ширийг түүхийгээр нь гаргахгүй байх" тогтоолыг өргөн барьж Засгийн газраар батлуулж байсан. Монголдоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох энэхүү "мэргэн санаа"-ны үр дүнгээр өдгөө хонь, ямааны арьс хаягдаж, адуу, үхрийн шир "Эмээлт"-д хог лугаа адил овоолгоотой байдаг болсон.
Засгийн газрын тогтоолын цаад санаа нь зөв мэт боловч, Монгол дахь арьс, шир боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг огт тооцоогүй нь том алдаа болсон юм. Өөрөөр хэлбэл, жилд гардаг 8 сая ширхэг арьс, ширийг боловсруулах үйлдвэр Монголд одоо ч байхгүй хэвээр байна.
Яг үүнтэй адил шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь сүүлийн жилүүдэд 100 мянган төгрөгөөс үл буух болсон ноолуур энэ хавраас навс унаж мэдэх байдал руу түлхэх шиг боллоо.
Засгийн газрын тогтоолоор 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түүхий ноолуур экспортлохыг хориглосон. Нийт ноолуурын 60-70 хувь нь түүхийгээр урд хөрш рүү гарч тэндээ эцсийн бүтээгдэхүүн болж Европын зах зээл рүү гардаг учир энэхүү шийдвэрийг гаргажээ. Ингэснээр дотоодын ноолуур угааж, самнах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах боломжууд бүрдэнэ гэж найдаж байгаа юм байна. Учир нь манай улс жилд 10 мянган тонн ноолуур бэлтгэж, 7000 тонн ноолуур экспортлодог байна.
Энэ тухай Монголын ноос ноолуурын холбооны тэргүүн Д.Ганхуяг:
-Дэлхийн нийт ноолуурын 50 хувийг манай урд хөрш, 35 хувийг Монгол улс үйлдвэрлэдэг. Манайх бол энэ ноолуурынхаа ихэнхийг шууд экспортолж байгаа. Одоо эргээд өөрсдөө түүхий эдийн хомстолд орчихлоо. Гэтэл Хятад улс жилд 10 орчим мянган тн түүхий ноолуур үйлдвэрлэж, 30 гаруй хувийг нь самнаад үлдсэнээр нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Иймд бид нийт үйлдвэрлэж байгаа ноолуурынхаа 40 хувийг хагас боловсруулдаг болчихъё, үлдсэнээр нь бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавъя. Ингэж чадвал хамгийн багадаа 260 сая ам.доллараар төсөв нэмэгдэнэ. Одоо ноолуурыг боловсруулах үйлдвэрийн салбарт долоон мянга орчим хүн ажилладаг. Харин дээрх зорилтыг хэрэгжүүлснээр ажлын байрыг 20 мянга хүргэх боломжтой хэмээн ярьж байсан байх юм.
Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрийг сонсоход таатай мэт боловч, ноолуурын зах зээлийг арьс шир шиг унагах бодлого болох вий дээ гэсэн болгоомжлол байна. Наанаа эдийн засгийг тэтгэх, илүү орлого олох, ажлын байр нэмэгдүүлэх сайн талтай мэт боловч, зах зээлийн судалгаа муу, хар баримжаагаар шийдвэр гаргадгаас үүдээд алс хэтдээ буруу шийдвэр болчих тал байдаг. Ийм байдал руу ноолуурын салбарыг түлхэх вий. Үр дүнг нь бүгдээрээ энэ хавар харцгаая даа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.