СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-12-03

Э.Буджав: Эх түүх, эх орон минь намайг цэнэглэсэн

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

Туухай өргөлтийн 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой алтан медальт тамирчин, спортын дэд мастер, дэд ахлагч Э.Буджавтай ярилцлаа.

Тэрбээр өнгөрөгч аравдугаар сарын 27-31-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах туухай өргөлтийн тэмцээний 68 кг-ийн жинд түлхэлттэй болон огцом өргөлтөөр тус бүр алтан медаль хүртэж, эх орныхоо алтан соёмбот Төрийн далбааг Энэтхэгийн тэнгэрт хоёр өдөр дараалан мандуулсан билээ.

-Юуны өмнө танд уншигчдынхаа нэрийн өмнөөс халуун баяр хүргэе...

-Маш их баярлалаа. Дэлхийн аварга болно доо гэсэн хүсэл эрмэлзэл, мөрөөдөл, зорилгоо биелүүлсэндээ туйлын их баяртай байна. Энэхүү амжилт өөд тэмүүлэхэд, түүндээ хүрэхэд хамгийн ихээр хүч өгч, бүх талын нөхцөл боломжийг бүрдүүлж, ёстой л асаалттай танк гэдэг шиг үргэлж ард минь бат зогсож байдаг ээждээ чин сэтгэлээсээ баярлалаа, тандаа хязгааргүй их хайртай шүү гэдгээ хэлье. Мөн монгол эр хүний, тэр тусмаа цэргийн хүний өмөг түшиг, ноён нуруу, тэсвэр хатуужил, тууштай чанарыг мэдрүүлж, зааж зөвлөж ирсэн бүхий л ах нартаа баярлаж буйгаа уламжилъя.

-Дэлхийн аваргын дэвжээнээс хос алтан медалийг атгана гэдэг амаргүй нь мэдээж. Өрсөлдөгчид хэр ширүүн байв?

-Тэмцээнд нийт 18 орны 250 гаруй тамирчин оролцсон юм. Миний жинд буюу 68 килограммын жинд түлхэлттэй өргөлтөөр 22, огцом өргөлтөөр 20 тамирчин хүч чадал, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдсөн. Мэдээж орон орны шилдгүүд, тэр тусмаа дэлхийн аваргатай нэг жинд өрсөлдөж ялалт байгуулсандаа бахархалтай байна. Мөн ДАШТ-д эх орноо төлөөлөн ганцаараа оролцсон учраас эх орныхоо нэрийг заавал гаргах ёстой гэдгээ ухамсарлаж, илүү хариуцлагатайгаар өрсөлдсөн.

Үзэгчид “Чингис хаан, Чингис хаан” гээд л намайг хөгжөөн дэмжихэд нь яах аргагүй Чингисийн цэргүүдийн үргэлжлэл болсон монгол цэрэг би чадна аа гэдэг омогшил бадарч байсан шүү. Үндсэндээ эх түүх, эх орон минь намайг цэнэглэсэн.

-Ёстой л ганц дайчин ганцаардахгүй гэдгийг харуулжээ. Яагаад өөр тамирчид оролцоогүй юм бэ, манайхаас?

-Уг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан 2022 оны Туухай өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн манай улсын гурван тамирчин, тэгээд хос мөнгөн медаль хүртсэн надад дэлхийн аваргад оролцох урилга өгсөн байсан юм. Алтан медальт тамирчны хоёр нь Зэвсэгт хүчнийх буюу ахмад Г.Цолмонхүү, (ҮБХИС) Н.Мадигайым (350) нар бол нөгөө нь мэргэжлийн эмэгтэй тамирчин н.Туяацэцэг л дээ. Хэрэв тэд оролцсон бол хоёр биш түүнээс ч олон алтан медалийг эх орондоо авчрах байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Эд бол үнэхээр мундаг тамирчид.

-Өөрөө ОХУ-д суралцдаг юм билээ. Бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?

-Тийм ээ. Би ОХУ-ын Кострома хотод Цацраг, хими, биологийн зэвсгээс хамгаалах цэргийн академид суралцдаг, хоёрдугаар курсийн сонсогч. Би энх цагт хөлс хэр их урсана, дайны цагт цус төдий чинээ бага урсана гэдэг үгийг ямагт санаж, бэлтгэлээ цаг үргэлж чамбайруулахыг эрхэм болгодог. Тийм болохоор цаг зав л гарвал сургуулийнхаа Спорт, биеийн тамирын төвд бэлтгэлээ хийдэг. Анх очсон даруйдаа голдуу бие дааж хичээллэдэг байлаа. Мэргэжлийн багш төдийлөн сүйдтэй зүйл зааж өгөхгүй, би өөрөө хэлний бэрхшээлээс болоод тэр бүр хүссэн санаснаа бүрэн ойлгуулж чадахгүй гэх мэт хүндрэлүүд байсан. Харин одоо бол өөр, мэргэжлийн багш нар маань яг л өөрийн тамирчнаа бэлтгэдгийн адил бүхий л талаас нь харамгүй зааж зөвлөдөг.

-Тууштай бэлтгэлийн үр дүнгээр чамлахааргүй амжилтуудыг гаргасан нь мэдээж. Онцлон дурдвал...

-Би 2018 онд Зэвсэгт хүчний Туухай өргөлтийн аварга шалгаруулах тэмцээнээс хос хүрэл, мөн тэмцээнээс 2021 онд хос мөнгө, энэ жилийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 68 килограммын жинд хос мөнгө, мөн түүнчлэн олон улсын "Цагаан шөнө" тэмцээнээс алтан медаль хүртсэн. Азийн аваргаас хос мөнгөн медаль хүртчихээд л өөртөө илүү их итгэсэн, нөөц боломжоо чинээнд нь тултал ашиглаж заавал Дэлхийн аварга болно доо гэж бодсон.

-Тамирчдад тулгардаг нэг хүндрэл бол төсөв санхүүгийн асуудал байдаг. Тэр тусмаа хойно сурч байгаа оюутанд бүр ч амаргүй байх шүү...

-Яалт ч үгүй л тулгардаг асуудал. Сая уг нь намайг хоёр компани ивээн тэтгэнэ гэсэн боловч тэмцээний тов тулсан хойно боломжгүй гэдгээ хэлсэн. Нэгэнт тэмцээнд оролцохоор чөлөө аваад, Энэтхэгийн виз мэдүүлэхээр эх орондоо ирчихсэн юм чинь яаж ийж байгаад тэмцээндээ явахаас өөр арга байгаагүй. Тэгээд л ээжийнхээ машиныг банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж, 5 сая төгрөгийн зээл аваад хоёр талын нислэгийн тийз, визний төлбөрөө төлөөд явсан. Харин азаар БНЭУ руу нисэж байхдаа БНСУ-ын онгоцны буудал дээр Л.Батсуурь гэдэг ахтай танилцдаг юм байна. Тэр ах бид хоёр нэг нислэгээр явж, нэг нислэгээр эх орондоо буцах хуваарьтай. Бүр Суурь ахын маань оролцсон олон улсын хурал, миний тэмцээний техникийн зөвлөгөөний хурал нэг буудлын хоёр өөр давхарт болсон. Их сонин хувь зохиол шүү. Тэгээд л буудлын нэг өрөөнд хамт байрлаж, хоол хүнсэндээ санаа зовохгүйгээр зөвхөн тэмцээндээ л анхаарсан. Батсуурь ах маань “Миний дүү дэлхийн аварга болохоо л бод, өөр юунд ч битгий санаа зов. Ах нь бусад бүх асуудлыг нь зохицуулна” гээд л миний дасгалжуулагч, хөгжөөн дэмжигч, ивээн тэтгэгчийн үүргийг гүйцэтгэсэн. Энэ хүнд үнэхээр талархаад баршгүй. Түлхэлттэй өргөлтөөр алтан медаль хүртчихээд маргааш нь огцом өргөлтийн төрөлд өрсөлдөхөөр мандат авах гэтэл төлбөр хүрэлцдэггүй. Батсуурь ах маань мандатны мөнгийг төлсөн. Ингээд бодохоор алтан медалиа ихэрлүүлэх боломжийг Батсуурь ах маань бүрдүүлсэн байгаа биз. Хэрэв энэ хүнтэй таараагүй бол хүний газар ганцаараа яваа надад хэн мандатны мөнгө өгөх билээ. Бас чин сэтгэлийн талархлаа илэрхийлэх ёстой хүмүүс бол ЗХЖШ-ын дарга асан дэслэгч генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга хурандаа Ц.Батсайхан, Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Ж.Молорболд, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Д.Номт нарын олон хүн бий.

-Зорьсон зорилгоо биелүүлээд ирсэн хүүгээрээ ижий, аав нь бахархаж байгаа нь гарцаагүй. Эх орондоо буухад нь тосож аваад хамгийн түрүүнд ямар үгээр шагнасан бэ?

-Ээж минь надаас илүү баярласан. “Миний хүү мундаг байна” гээд үнсэхэд нь өөрийн эрхгүй аньсага чийгтсэн. Зорилго тавиад л түүндээ хүрэхээр зогсолтгүй хичээсэн хүүгээ бүхий л боломжоор нь хангаж, зорилгод нь хүргэчих юм сан гэж надаас дутуугүй хичээж байсан л даа, миний ээж. Тэр ч утгаараа би ээжийнхээ зорилгыг ч давхар биелүүлж, ачийг нь өчүүхэн төдий хариуллаа даа гэсэн мэдрэмж төрсөн. Миний ээж гурван хүүгээ хүний дайтай өсгөж, хүмүүжүүлэхийн төлөө өөрийгөө умартан зүтгэсэн, мундаг хөдөлмөрч хүн бий. Нутгаасаа хотод шилжиж ирсэн цагаасаа эхлэн цагаан идээний лангуу ажиллуулан ах, дүү, бид гурвыг юугаар ч дутаалгүй өсгөсөн хүн.

-Ингэхэд Буджав аль нутаг усны хүү вэ?

-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум буюу хуучнаар Наран бригадын Нарангийн өвөлжөөнд би мэндэлсэн. Намайг дөрвөн настайд манайх хотод шилжиж ирсэн юм. Өөрийн гэсэн мал ахуйтайгаа ирсэн учраас малынхаа сүү цагаан идээг боловсруулж, цагаан идээний лангуу ажиллуулан хүмүүст цэвэр эко бүтээгдэхүүнээр үйлчилнэ. Ээж минь цагаан идээг маш сайхан боловсруулдаг, цэвэрч нямбай хүн учраас манайхаас цагаан идээ авах гэсэн хүмүүс бишгүй. Миний хувьд арван жилийн сургуулийн сурагч байхаасаа л ээжийнхээ ажилд туслан лангуун дээр нь сууж, сүү цагаан идээг нь зөөж өгдөг байлаа. Сүүг бол 40, 50 литрээр нь усны тэргээр зөөдөг байлаа. Томрох тусмаа тэрэг түрэхээсээ залхуураад хоёр талдаа 20, 20 литрээр нь өргөөд явчихдаг болсон. Эндээс нь л миний гийр өргөх үндэс тавигдсан даа.

-Сүүн замналаар спортод хөл тавьжээ гэж харж байна, бэлгэшээлтэй юм...

-Нээрээ тийм юм байна шүү. Таныг хэлээгүй бол энэ талаас нь бодохгүй юм байна.

-Төгссөн сургуулийнхаа тухайд тодруулбал...

-Би 106 дугаар сургуульд 9 дүгээр ангиа төгсөөд Барилгын коллежийг дүүргэсэн юм. Тэгээд л ээжийнхээ ажилд туслаад лангуун дээр сууж байлаа. Нэг өдөр ангийн маань нэг хүүхэд орж ирээд уулзаж сууснаа “Чи ингээд л сүү, цагаан идээ зараад насаараа амьдрах гэж байгаа юм уу? Би бол их, дээд сургууль төгсөж мэргэжил эзэмшээд түүгээрээ ажиллаж, амьдарна” гэдэг байгаа. Ёстой л орой руу нэг зүйл харваад л орсон. Орой нь гэртээ очоод жаахан хямрангуй байлаа, үе тэнгийн найзаасаа тийм үг сонссон болохоор тэр шүү дээ. Тэгээд л би их, дээд сургуульд суралцахаар эрс шийдэж, шалгалт өгөхөд бэлтгэж эхэлсэн. Үүнийхээ үр дүнд ҮБХИС-д элсэж чадсан, үргэлжлүүлэн ОХУ-д ч сурч байна. Тэр үед надад тавлах өнгө аястайгаар хэлсэн найзын минь үг өнөөдрийн намайг бүтээсэн болохоор би найздаа үнэхээр баярлаж явдаг.

Цаг гарган ярилцсанд баярлалаа. Спортын өндөр амжилтыг хүсье.

Хошууч Д.МЭНДБАЯР

Эх сурвалж: “Соёмбо” сонин

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.