- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Дархан-Уул аймгийн онцгой комиссоос өчигдөр /2022.12.01/ оройны 23:00 цагт мэдээлэл хийж, шатахууны агуулах шатсан асуудлын мөрөөр ямар арга хэмжээ авснаа мэдээллээ.
Аймгийн Засаг дарга Б.Азжаргал:
-Дархан сумын III багт байрлах шатахуун түгээх станцын агуулахад гал гарсан асуудлаар аймгийн онцгой комисс шуурхай хуралдлаа. Дархан-Уул аймгийн Дархан сум 3-р багт байрлах “ТЭС петролиум” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад дэлбэрэлт үүсэж, гарсан гал түймрийг алба хаагчид 8 цаг гаруй хугацаанд ажиллаж, 17:18 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 18:44 цагт бүрэн унтраасан.
Дуудлага 2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний 09:21 цагт ирж эхний ээлжид Дархан-Уул аймгийн онцгой байдлын 54 дүгээр анги шуурхай очиж үүрэг гүйцэтгэсэн. Улмаар хойд бүсийн гал унтраар аврах ангиудыг нэмэлтээр татсан. Мөн Улаанбаатараас тоноглогдсон гурван хөөстэй машиныг авч ирсэн.
Шатсан шатахууны агуулахад гурван хүн ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд нэг хүн газар дээрээ эрүүл мэндийн тусламж авах шаардлагатай болж, эмнэлэг рүү явж байхдаа нас барсан. Харин үлдсэн хоёр хүнийг эрэн хайх ажил үргэлжилж байна.
Шалгалтын ажлын дараагаар эндсэн болон эрэн хайж байгаа хүмүүсийн ар гэрийнхэнтэй тус компани болон онцгой байдлын албанаас уулзалт зохион байгуулна.
Шатахуун түгээх станцын нөөцийн 2000 тонны, дотроо 650 орчим литр шатахуунтай сав дэлбэрсэн. Шаталт үүссэн сав онолоор 10-12 цагийн хугацаанд шатаж дуусах тооцоотой байсан бөгөөд ямартай ч галыг найман цагийн дотор унтраасан.
Шаталт үүссэн шатахууны саваас зэргэлдээ зургаан сав байсан. Зургаан сав тус бүр нь 400 литрийн багтаамжтай. Эдгээр савуудад галыг халдаахгүй байх арга хэмжээ авч ажилласан.
Мэргэжлийн анги нэгтгэлүүд хамтарч ажиллаж байгаа бөгөөд хариуцлагыг 100 хувь тус компанид даатгаж болохгүй. Тиймээс хамтарсан баг буюу Онцгой байдлын ерөнхий газар, АОК, Нийслэлийн онцгой комисс хамтарч ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Мөн тухайн компанийн мэргэжлийн инженер хүмүүсийг хамтарсан багт оролцуулсан. Учир нь урьд өмнө нь ийм аваар осол гарч байгаагүй учир дараагийн шатанд авах арга хэмжээг сайтар судалж байж авч хэрэгжүүлнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.