Автомашин нь эвдэрч, тусламж гуйхаар явсан иргэн нас барсан байдалтай олджээ
Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн иргэн А нь эхнэр, нэг настай охины хамт сураггүй алга болжээ. Энэ талаарх мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газраас арваннэгдүгээр сарын 30-ны 08:00 цагийн үед Хилийн цэргийн 0130 дугаар ангид мэдэгдсэн байна.
Ийнхүү хилийн цэргийн анги эрэн хайх ажиллагааг нэн даруй эхлүүлснээр 09:50 цагийн орчимд иргэн А-ын эхнэр, нэг настай охиныг олоход машиндаа бээрсэн, захын эрхтэн хөлдсөн байдалтай байжээ. Улмаар эмнэлгийн анхан шатны тусламжийг яаралтай үзүүлж чадсан байна.
Тодруулбал, иргэн А нь эхнэр, нэг настай охины хамт арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Булган голын чиглэлд зорчих үед унаж явсан автомашин нь эвдэрч, сүлжээ тасарсан байна. Иймд тусламж дуудах зорилгоор эхнэрээ охины хамт машиндаа үлдээгээд явжээ.
Харамсалтай нь иргэн А тусламж эрж явахдаа автомашинаасаа гурван км зайд осгож нас барсан байдалтайгаар олдсон байна.
Эрс хүйтэрч байгаа энэ цаг үед ард иргэд хол замд явахдаа өөрсдийн аюулгүй байдлыг хангаж зорчихыг холбогдох газрууд анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.