СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-01

🔴 Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн хурал зохион байгуулагдлаа

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1992 оны 47/3 дугаар тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 3-ыг “Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан бөгөөд энэ жил “Хүртээмжтэй хөгжлийн дэвшилтэт шийдлүүд: Хүртээмжтэй, эрх тэгш байдлыг дэмжихэд инновацийн үүрэг” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл хуралдан тухайн онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны биелэлт, ирэх онд хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталж, тухайн жилд “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг”-ийг шалгаруулдаг уламжлал тогтсон. Энэ жилийн хувьд ТББ-уудынхаа саналаар 2023 он гараад оны шилдгүүддээ шагналыг нь гардуулахаар болсон.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц болон хуулийн хэрэгжилтийг хангах, салбар дундын уялдаа холбоог эрчимжүүлэх хүрээнд Засгийн газрын 2016 оны 136 дугаар тогтоол, 2017 оны 116 дугаар тогтоолоор хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийг яамд, зарим агентлагт, салбар зөвлөлийг аймаг, дүүрэгт байгуулан ажиллаж эрхэлсэн. Харин Засгийн газрын 2022 оны 350 дугаар тогтоолоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, тус зөвлөлийг Молнгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ахалдаг болсон.

Энэ жилийн хувьд зөвлөлийн хурлыг шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэйгээр, мөн бүх аймаг дүүргийн салбар зөвлөлийн дарга нарыг оролцуулж, өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа өмнөх хурлуудаас онцлог боллоо.

Зөвлөлийн хурлаар УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Зөвлөлийн дэд дарга Т.Аюурсайхан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаарх мэдээлэл, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл”-ийг танилцуулсан.

Түүнчлэн Орхон аймгийн Засаг дарга, Салбар зөвлөлийн дарга С.Батжаргал “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагааны орон нутгийн сайн туршлага”-ыг танилцуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд мэдээлэл хийлээ.

Зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан 2022 онд Боловсрол, шинжлэх ухааны яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн яамны дэд зөвлөлүүд, Орхон аймгийн салбар зөвлөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр идэвх санаачлагатай ажиллаж байгааг, харин Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд зөвлөлүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, Сангийн яамны дэд зөвлөл огт ажиллахгүй байгааг онцлон хэлсэн.

Мөн яамдад өөрсдийнх нь хариуцсан асуудлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдэх, асуудлаа оновчтой тодорхойлж ажиллах, гадаад дотоод орчны дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах, хараа, сонсголын бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй веб сайттай болох чиглэлээр тодорхой зорилт тавьж, мэргэшсэн төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, шат дараатай хүртээмжийг сайжруулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр санаачилга гарган ажиллахыг чиглэл болгон өглөө.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.