АНУ: Оросын "харгис" халдлагууд цэргийн бус объектуудыг онилсон
ОХУ-ын цэргийн хүчин Украины нийслэл Киевийн төвд сүүлийн хэдэн сарын дараа анх удаа цохилт өгч, тус улс даяарх хотуудыг бөмбөгдөж байгааг Барууны орнууд буруушааж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярилцахдаа "Украиныг агаарын довтолгооноос хамгаалах дэвшилтэт систем зэрэг шаардлагатай зэр зэвсгээр хангаж, үргэлжлүүлэн дэмжихээ амласан" гэж Цагаан ордноос мэдэгджээ. Түүнчлэн, Оросын арми их сургууль, хүүхдийн тоглоомын талбай зэрэг цэргийн бус объектуудыг онилж байгааг шүүмжлэн, эдгээр халдлага нь "Путины хууль бус дайны бүрэн харгислалыг харуулж байна" гэсэн байна.
ОХУ-ыг Крымийн хойгтой холбосон гол гүүрэн дээр өнгөрөгч бямба гарагт болсон дэлбэрэлтийн хариуд ийнхүү цохилт өгч буйгаа Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн ч Киев тус явдалд хариуцлага хүлээгээгүй байгаа юм.
Украины эрх баригчдын мэдээлснээр, Оросын цэргүүд Львов, Харьков, Днепр, Запорожье хотуудын зүг 83 пуужин харваснаас 43 гаруйг нь таслан зогсоожээ. Энэхүү халдлагын улмаас багадаа 14 хүн амиа алдаж, олон хүн шархадсаныг албаны хүмүүс хэлсэн. Мөн эрчим хүчний дэд бүтцүүд пуужинд өртсөний улмаас хэд хэдэн бүс нутаг тог цахилгаан, ундны усгүй болсон байна.
Киев хотын оршин суугчдын хэлснээр, Оросын пуужингууд даваа гаргийн өглөө хөл хөдөлгөөн ихтэй байдаг цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, их сургууль зэрэг энгийн иргэдийн ихээр зорчдог байршлыг санаатайгаар онилсон байж магадгүй аж.
Украинд сүүлийн саруудад бүртгэгдээгүй ширүүн халдлагын дараа НҮБ-ын Ерөнхий ассамблей яаралтай хуралдсан бөгөөд тус байгууллагын тэргүүн Антонио Гутерриш энэхүү дайнд энгийн иргэд хамгийн их золиос төлж байгаад харамсаж буйгаа илэрхийлжээ. Харин Европын Холбоо эдгээр халдлагыг дайны гэмт хэрэг гэж мэдэгдсэн бол дайныг илт буруушаагаагүй Хятад, Энэтхэг улсууд хурцадмал байдлыг намжаахыг уриалсан байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.