СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нүүрсний экспортыг жил бүр 40-70 сая тонн байлгах квотыг харилцан тохиролцлоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар түүний урилгаар манай оронд албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв.

Талууд хоёр орны харилцаа нь бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээний суурь зарчим болон даян дэлхийн аюулгүй байдлын санаачилгад суурилж буйг онцлон тэмдэглэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Гашуунсухайт-Ганц мод боомтыг төмөр замаар холбох ажил ахицтай байгаа гээд энэ боомт ашиглалтад орсноор төмөр замыг зохицуулах хэлэлцээр байгуулах шаардлага үүсэх учир энэ хүрээнд 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр” зэрэг холбогдох зарим баримт бичгийг шинэчлэн байгуулах, нэмэлт өөрчлөлт хийх ажлыг эхлүүлэхэд БХАТИХ-ын зүгээс анхаарал хандуулж ажиллахыг хүслээ.

Улсын Их Хурлын дарга цааш нь далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд худалдаа, эдийн засгаа эрчимжүүлэхэд далайд гарц, тээврийн таатай орчин нэн чухал. Иймд хоёр талын 2014 онд байгуулсан “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг БХАТИХ аль болох хурдан соёрхон батлах санал тавиад энэ нь хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны бодит үр дүн төдийгүй хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болохыг онцлов.

Мөн уул уурхайн салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтайгаар урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх зорилгын хүрээнд , энэ хүрээнд нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах, үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох гэрээг сунгах хүрээнд своп хэлцлийн өрийг хөнгөлөх саналтай байгаагаа хэллээ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу монголын талын тавьсан хүсэлтийг чухалчлан үзэж байна гээд онцгой анхаарал хандуулан, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Талууд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа тэмдэглээд, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих, гурван улсыг холбосон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны автозам барих зэрэг төслүүдийг урагшлуулах чиглэлээр санал солилцов.

Хоёр орны хууль тогтоох дээд байгууллагын дарга нар олон улсын харилцааны харилцан сонирхсон зарим асуудлаар ярилцлаа. Монгол Улсын Их Хурлын даргыг тааламжтай цагтаа БНХАУ-д айлчлахыг БХАТИХ-ын Байнгын хорооны дарга урив. 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар түүний урилгаар манай оронд албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нарын хэлэлцээ нь ажил хэрэгч, нээлттэй, элэгсэг дотно уур амьсгалд явагдаж, талуудын харилцан итгэлцлэлийг бэхжүүлж, бүх түвшний харилцааг урагшлуулан хөгжүүлэх болон хууль тогтоох байгууллагууд хоорондын тогтсон харилцааг улам бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой үйл явдал боллоо.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшугийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.