СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

20 жилийн өмнө есдүгээр сарын 11-нд юу болсон бэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Одоогоос 20 жилийн өмнө буюу 2001 оны есдүгээр сарын 11-ний мягмар гарагт АНУ даяар уй гашууд автаж, дэлхий дахинд сэтгэл өвтгөсөн харамсалтай үйл явдал болсныг эргэн саналаа. Аль Кайдагийн амиа золиослогчдод хулгайлагдсан Америкийн зорчигч тээврийн онгоцууд Нью-Йорк дахь дэлхийн худалдааны Ихэр цамхаг, Вашингтон дахь Пентагоныг мөргөж олон мянган хүн амиа алдсан юм. Энэ бол Америкийн төдийгүй дэлхийн түүхэнд тохиосон аймшигт халдлага дайралт байлаа.

Эхний онгоц өглөөний 08:46 цагт, дараагийн онгоц 09:03 цагт дэлхийн худалдааны төв Ихэр цамхгийг мөргөсөн. Тэнгэр баганадсан өндөр барилгууд нүд ирмэхийн зуурт нурж, шатаж, дотор нь байсан хүмүүс гацаж, Нью-Йорк тэр аяараа утаа манан, үнс нурманд дарагдав. .

Гурав дахь онгоц тухайн өдрийн 09:37 цагт Вашингтон дахь Батлан хамгаалах яам байрладаг Пентагоны баруун талыг мөргөн унажээ. Алан хядагчдын дээрэмдсэн дөрөв дэх онгоц 10:03 цагт Пеньсилванийн талбайд сүйрсэн байна. Уг дөрөв дэх онгоц Капитол Хиллийг онилсон байсан гэж шинжээчид үздэг. 

. Ихэр цамхагт 2,606, Пентагонд 125 хүн амиа алдсан байна. Алан хядах ажиллагааны хохирогчдын хамгийн бага нь хоёр настай Кристин Ли Хэнсон байсан бол хамгийн ахмад нь 82 настай Роберт Нортон байсан юм. 

Алан хядах ажиллагааг Афганистанаас Аль Кайда зэвсэгт бүлэг зохион байгуулсан гэж үзсэн бөгөөд энэ явдлаас хойш сар орчмын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш цэрэглэн Афганистан руу довтлох ажлаа эхлүүлсэн билээ. АНУ болон түүний холбоотны цэргүүд Аль Кайда зэвсэгт бүлгийг устгаж, тэдний удирдагч Осама Бин Ладеныг агнасан боловч ажиллагаа эхэлснээс хойш 10 жилийн дараа Бин Ладеныг Пакистан дахь оромжоос нь илрүүлж устгаж чадсан.

Дэлхийг донсолгосон үйл явдлаас хойш 20 жилийн дараа хайртай дотны хүмүүсээ алдсан төрөл төрөгсөд нь төдийгүй эрх баригчид, удирдагчид, дэлхийн өнцөг булан бүрт байгаа иргэд эмгэнэн гашуудаж, дурсан санаж байна. Хохирогчдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ террорист халдлагад өртсөн Ихэр цамхгийн суурь Ground Zero-д өчигдөр болжээ. Тэнд цугласан хмүүс минутын хугацаанд дуугаа хурааж эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн алан хядах ажиллагааны үед төрийг удирдаж байсан Ерөнхийлөгч асан Жорж Буш Пеньсилваниас үг хэлжээ.  

Хохирогчдын дурсгалд хүндэтгэл үзүүлэх албан ёсны арга хэмжээ 08:46 цагт буюу эхний онгоц дэлхийн худалдааны төвийг мөргөсөн цагт эхэлжээ. Ground Zero-д 20 жилийн өмнөх үйл явдлыг эргэн санасан иргэд олон мянган цэцгийн баглааг тавьсан байна. Хүндэтгэл үзүүлэхийг хүссэн иргэд бүхэл шөнийн турш ирсээр байжээ.

Эх сурвалж: ВВС 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.