ТОСК-ийн захирал, удирдлагуудыг “Түрээсийн орон сууц”-тай холбоотой асуудлаар АТГ-аас шалгана
Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэд, харж, хандах үр хүүхэдгүй ахмад настан, бүтэн өнчин хүүхэд, залуучууд, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр орон гэргүй болсон айл өрх, ажил амьдралын гараагаа эхэлж байгаа залуу гэр бүл, төв суурин газарт түр хугацаагаар ирж ажиллаж, суралцаж байгаа оюутан, залуусын түр амьдрах орон байрны асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
Уг хөтөлбөрийн хүрээнд Буянт-Ухаа 2 хороолол, Архангайн 120, Сэлэнгийн Зүүн Хараагийн 126, Дархан-Уул аймгийн 189, Хэнтий аймгийн 120, Ховд аймгийн 120, Увс аймгийн 105, Улаанбаатар хотод Хангай хотхоны 228 айлын орон сууцанд түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй “Зорилтод бүлэг”-ийн иргэдийн материалыг 2016 оны 3-р сард, 2016 оны 8-р сард болон 2017 оны 5-р сард тус тус хүлээн авч зорилтот бүлгийн иргэдэд түрээслүүлэх ажлыг хийж байв.
Гэвч ТОСК-ийн Дэд захирал Т.Заяа, Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзаяа, Санхүүгийн хэлтсийн дарга С.Ерөөлт, ахлах нягтлан бодогч О.Мөнхтуяа нар үгсэж, 2020 оны 02 дугаар сарын 13 өдрийн А/17 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалыг Гүйцэтгэх захирал асан Ж.Хичээнгүйгээр гаргуулж “Буянт-Ухаа 2” хорооллын 560 айл, Хангай хотхоны 228 айл, орон нутагт байгаа түрээсийн орон сууцанд шалгалт оруулж байна гэх нэрийдлээр зорилтот бүлгийн маш олон айл өрхийг түрээслэж байсан орон сууцнаас нь хөөж гаргажээ.
"Түрээсийн орон сууц"-аас зорилтот бүлгийнхнийг хөөж гаргах ажлын хэсгийг байгуулсан тушаал
Хамгийн ноцтой нь түрээсэлж байсан орон сууцнаас нь зорилтот бүлгийн иргэдийг хомроглон хөөж гаргамагцаа суларсан орон сууцанд албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж ямарч шалгуургүй иргэдээс хахуул авч оруулсан байж болзошгүй асуудлыг АТГ-аас шалгахаар болжээ.
Тухайлбал, Буянт –Ухаа 2 хорооллын 1001-13, 1001-21, 1015-05 1012-37, 1027-02, 1025-07, 1009-54, 1014-37, 1010-25, 1009-02 айлуудыг хөөж гаргамагцаа оронд нь зорилтот бүлэгт үл хамаарах иргэдийг албан тушаалаа ашиглаж Дэд захирал асан Т.Заяа, Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзаяа, Санхүүгийн хэлтсийн дарга С.Ерөөлт, ахлах нягтлан бодогч О.Мөнхтуяа нар оруулсан байж болзошгүй гэдэг мэдээллийг эх сурвалж өглөө.
Бидэнд ирсэн мэдээллээр ТОСК-ийн гүйцэтгэх захирал асан Ж.Хичээнгүйгийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдаад байсан 60 гаруй өрхийг хөөж гаргамагцаа түүний оронд зорилтот бүлэгт үл хамаарах айл өрхүүдийг оруулсан байж болзошгүй байна.
Бид энэ асуудлыг цааш нь үргэлжлүүлэн мэдээлэх бөгөөд “Түрээсийн орон сууц”-аасаа хууль бусаар хөөгдөж хохирсон иргэдийг манай редакцын 7766-1111 дугаарын утсанд холбогдохыг хүсэж байна. Бид мэдээллийг чанд нууцлах болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.