LIVE: Б.Болдсайхан: Зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын төлбөрийг нь улс 100 хувь даана
Иргэдийн дунд нэлээд танигдсан "Зүрх мартахгүй" төслийн хүрээнд хийгддэг байсан зүрхний төрөлхийн гажиг заслын мэс засалд ЭМД-ын сангаас 3 сая төгрөг олгож байсан.
Харин Засгийн газрын шинэ тогтоолоор тохиолдол бүрд 8 сая төгрөгийн санхүүжилт гаргахаар болжээ. Өөрөөр хэлбэл, төрөлхийн гажиг засах мэс заслын зардлыг 100 хувь ЭМДС-аас гарахаар болсон.
Зүрхний хагалгааг төрөөс 100 хувь дааж байгаа талаар ЭМ-ийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Болдсайхан эмч нар мэдээлэл хийлээ.
"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан:
-Эрүүл мэндийн даатгалын шинэчлэл өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Уг шинэчлэл энэ хэвээрээ үргэлжилснээр дөрвөн жилийн дараа гэхэд эрүүл мэндийн салбар, өвчтөн санхүүгийн дарамтгүй эмчилгээ, үйлчилгээ авдаг болно. Зүрхний гажигтай хүүхдүүд хагалгаанд орохоор бол улсаас нэг ч төгрөг олгодоггүй байсан. Тэгвэл улсаас 100 хувь биш ч гэсэн 80 гаруй зардлыг даахаар болсонд хүүхдүүд болон эцэг, эхчүүдийн өмнөөс баяртай байна. Улсаас 100 хувь даана гэж байхгүй. Эмчилгээ, өвчтөний оношоос хамаарч төлбөр нь өөр өөр гардаг.
100 хүүхэд тутмын нэг нь зүрхний төрөлхийн гажигтай төрдөг гэх статистик байна. Манай улсад жилд дунджаар 1000 орчим ийм оноштой хүүхэд төрдөг бөгөөд 200-300 нь мэс засал хийлгэх шаардлагатай байдаг. Бусад өвчинтэй харьцуулахад зөв цагтаа мэс засал хийлгэж чадвал бүрэн эдгэрдэг энэ өвчний мэс заслыг Монголдоо амжилттай хийж буй. Өнөөдөр бид нар 4 сартай хүүхдэд 99 дэхь хагалгаагаа хийлээ. Маргааш 100 дахь хагалгааг дөрвөн сартай хүүхдэд хийнэ. Зүрхний гажигт эцэг, эхийн буруу нөлөө гэж байхгүй. Харин ч зүрхний гажигтай хүүхдийг эрт оношилж, бүрэн дүүрэн эмчилдэг байх хэрэгтэй.
Зүрхний төрөлхийн гажиг засах хагалгаа амжилттай болбол хүүхэд цоо эрүүл болдог. Олон нийтийн сүлжээгээр хүүхдийнхээ зургийг тавиад хандив гуйгаад, гадагшаа хагалгаанд явдаг зүйл өнөөдрөөс дуусгавар болж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.