Цэдэнбалын Зориг “Хүүхдийн төлөө фонд”-д сарын тэтгэврээ хандивлажээ
Тэртээх 1972 онд анх байгуулагдан хүүхдийн төлөөх олон арван бүтээн байгуулалтууд, үйл ажиллагааг хэрэгжүүлсэн "Хүүхдийн төлөө фонд"-ын үйл ажиллагааг Соёлын яамнаас 30-н жилийн дараа дахин сэргээн, хандивын үйл ажиллагааг МҮОНТ-ээр монгол туургатан даяар шууд дамжуулсан билээ.
Уг шууд дамжуулалтаар Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын цогцолбор барих газартай болж, зөвхөн олон нийтийн хандиваар 1.3 тэрбум төгрөг цугласнаас гадна Монгол улсын Засгийн газар 10 тэрбум төгрөг хандивлахаа мэдэгдээд байгаа юм.
“Хүүхдийн төлөө фонд”-ын хандивын аян үргэлжилсээр байна. Тус фондыг үүсгэн байгуулагч Цэдэнбал Филатовагийн хүү Ц.Зориг энэхүү арга хэмжээний талаар дуулаад “Ээжийн минь үүсгэн байгуулсан фондын үйл ажиллагааг сэргээснийг сонсоод хязгааргүй их баярлалаа. Өөрийн сарын тэтгэврийн мөнгөө энэхүү фондод хандивлаж байгааг минь уламжилж өгнө үү” хэмээн хэлснээ монгол найз нөхдөөрөө дайжээ.
Ц.Зоригийн ээж Цэдэнбал Филатова нь Монгол улсыг Азидаа тэргүүлэх өндөр хөгжилтэй, хүн ардыг нь өндөр боловсролтой болгохыг хүсэн мөрөөдөж байсан нэгэн тул “Хүүхдийн төлөө фонд”-ыг байгуулсан ба өдгөө Монгол улсад “хүүхдийн” тодотголтой олон арван барилга байгууламжийг барьж байгуулсан гавьяатай хүн юм. Тэрбээр энэхүү фонддоо хөрөнгө санхүү босгох ажилд хамаг анхаарлаа төвлөрүүлдэг байсан агаад Леонид Брежневийг Монголд айлчлах үеэр мөнгө гуйхад “Настя чи, Зөвлөлтийн ард түмэнд үнэтэй тусч байна шүү” гэж хэлж байсан баримт түүхэнд үлджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.