БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд тусгаарлалтад гарах хүсэлт гаргасан ажилтнуудаа эрүүгийн хуулиар сүрдүүлсэн үү

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг коронавирусийн голомт болсноос хойш 13 хоногийн хугацаа өнгөрөөд байна. Тухайн эмнэлэг коронавирусийн голомт болсноос хойш тухайн эмнэлгийн эмч, сувилагч, ажилтан, алба хаагчид нэг ч өдөр амрахгүйгээр эмнэлгийнхээ өвчнүүдэд тусламж үйлчилгээ үзүүлсээр байгаад ядаргаанд ороход хүрээд байгаа талаараа манай телевизэд хандан мэдээлэл ирүүллээ.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн ажилтан

Бид арванхоёрдугаар сарын 16-аас хойш эмнэлэгтээ байрлан ажиллаж байна. Биднийг эмнэлэг дээр 14 хоног байлгасныхаа дараа тусгаарлах байр руу шилжүүлнэ гэж л хэлсэн. . Нэгэнт коронавирусийн халдвар аваагүй нь удаа дараагийн шинжилгээгээр тогтоогдсон хүмүүсээ хамгаалах үүднээс нэн даруй тусгаарлах байр руу шилжүүлж болноо доо. Тэгэхэд тэр ажлыг огт хийхгүй энд байлгаад байгаад гомдолтой байна. Яг одоо энэ эмнэлэгт эмч, ажилтан, өвчтөн нийлсэн 100 гаруй хүн байна. Гал тогооноос өгч буй хоол нь ямар ч илчлэг, амин дэм гэх зүйлгүй юм ирдэг. Гаднаас эхэндээ хоол оруулахыг зөвшөөрдөг байснаа одоо бүр юу ч оруулахаа байчихлаа. . Удаа дараагийн шинжилгээгээр сөрөг хариу гарсан хүмүүсээ энд байлгасаар байгаад коронавирусийн халдвар авхуулчихвал бид Госпитал юм уу, ХӨСҮТ-д заавал хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болж хохирно. Эрүүл байгаа дээрээ эндээс тусгаарлах байр руу шилжмээр байна гэснийхээ төлөө ажилтнууд бүгдээрээ сүрдүүлгэд өртсөн гэж хэлээд баримт болгож нэгэн хоолойны бичлэгийг бидэнд ирүүллээ.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүний нөөц хариуцсан ажилтан н.Шинэ-Уянгын хоолойны бичлэг

Та бүхний тавьсан саналыг дарга удирдлагууддаа танилцуулахад дараах хариуг өглөө. Сэхээнд байгаа, диализын аппаратанд байгаа хүнд өвчтөнүүдийг хэн үзэж харах юм. Дээрээс нь өдөр болгон явуулж байгаа статистик мэдээ, тайлан, цалинг хэн бодох вэ зэрэг ийм асуудлууд гарч ирнэ. Бид угаасаа цар тахлын голомттой онцгой объект болчихсон учраас эрүүгийн цагдаагийн ажилтнууд хамгаалалтад авчихсан байгаа. Байдал хүнд байхад ямар ч тийм зүйл хийж болохгүй шүү гэж захирал хэллээ. гэж байна шүү гэсэн байв.

Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн захирал Ө.Туултай утсаар холбогдож нөхцөл байдлыг тодруулахад

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн захирал Ө.Туул

Манай эмнэлэг цар тахлын голомт болчихсон учраас энэ өвчнөөс айж болгоомжилж байгаа эмч сувилагч нар байгааг ойлгож байна. . Нэгэнт энэ эмнэлгээс коронавирус илэрсэн учраас энд байсан бүх хүмүүс хамгийн багадаа 14 хоног тусгаарлагдаж, ажиглалтад байх ёстойг ойлгоорой. Тусгаарлах хугацаа дуусахаас ганц хоёр хоногийн өмнө гарч яваад гэрийнхэндээ тэр айхтар өвчний вирусийг халдаачихвал юу болох билээ. Манай эмнэлгээс илэрсэн тохиолдлын нэг нь дөрвөн удаа шинжилгээ өгөхөд сөрөг гарчихаад тав дахь удаагаа шинжилгээ өгөхөд эерэг гарсан. . Хэн ч гэсэн гэр бүлдээ очихыг хүсэж байгаа. Ар гэрийнхэнтэйгээ уулзахыг хүсэж байгаа. 14 хоногийн тусгаарлалт дуусахад ердөө хоёрхон хоног л үлдчихсэн байна. Маргааш бид бүгдээрээ шинжилгээнд нэгдсэн журмаар хамрагдаад нөгөөдөр хариу нь гарахаар дараагийн тусгаарлалт руу шилжинэ. Мөн дараагийн ээлжийн эмч сувилагч нар нь орж ирцгээнэ. Эмч, сувилагч нарыг ор хөнжлөөр бүрэн хангасан. Яагаад гэхээр манай эмнэлгийн III, IV дүгээр давхар тэр чигээрээ суларсан учраас хангалттай ор, хөнжлөөр хангасан. Мэдээж тэр хүний гэртээ хэвтэж амардаг шиг тухтай орчныг бүрдүүлж чадаагүй ч эмнэлгийн ороор хангаж өгсөн. Мөн тусгаарлагдсан эмч нарт өдөрт 3-4 удаагийн хоол, Ц болон Д витамин уулгаж байгаа. Хангалтаар чацаргана, дархлаа дэмжих бүтээгдэхүүн ирснийг бүгдийг нь жигдхэн хуваарилж байгаа. Одоо бид цар тахалтай тулгарсан гэдгээ сайтар ухамсарлаж, УОК ЭМЯ-аас ирүүлсэн удирдамжийг чанд дагаж чадвал энэ өвчнийг хохирол багатай туулна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.