Гурван настай охиноо найм хоногийн турш гэртээ түгжиж орхисноор өлсөж, нас баржээ
Японы нийслэл Токио хотын оршин суугч эмэгтэй найз залуутайгаа цагийг өнгөрөөх үеэрээ өөрийн гурван настай охиноо найм хоногийн турш гэртээ ганцааранг нь үлдээсний улмаас охин нь өлсөж, нас баржээ. Цагдаа нар Саки Какехаши хэмээх уг 24 настай эмэгтэйг өнгөрөгч мягмар гарагт баривчилсан байна.
Какехаши зургадугаар сарын эхээр Японы баруун өмнөд хэсгийн Кагошима муж руу аялан, найз залуутайгаа уулзах үеэрээ өөрийн охин Ноаг Токио дахь байрандаа найман өдрийн турш орхисон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэрээр охиноо гал тогооны өрөөнд нэвтрэн, хутга болон бусад эд зүйлээр өөрийгөө гэмтээхээс сэргийлэхийн тулд түүнийг зочны өрөөнд үлдээгээд, хаалгыг нь буйдангаар хашсан гэдгээ цагдаа нарт хэлжээ.
Задлан шинжилгээний үр дүнгээр Ноа охин шингэний дутагдал болон өлсгөлөнгийн улмаас нас барсан болох нь тогтоогдсон. Бяцхан охин мөн сэрээ булчирхайн хатангиршилтай байсан бөгөөд энэхүү өвчин ихэнхдээ хүчирхийлэлд өртсөн эсвэл эцэг эх нь хайхрамжгүй ханддаг хүүхдүүдэд ажиглагддаг аж. Түүний гэдэс бараг хоосон байсан бөгөөд живхийг нь удаан хугацааны турш солиогүй учир тууралт гарсан байсан гэж эх сурвалжууд мэдээлжээ. Ноа охины олдсон орон сууц хог хаягдлаар дүүрэн байсан байна.
Охины ээж Какехаши мөрдөн байцаагч нарт Ноаг үхнэ гэж бодоогүй, охиноо гэртээ ганцааранг нь үлдээхэд “зүгээр” гэж бодсон хэмээн мэдүүлэг өгсөн. Тэрээр зургадугаар сарын 13-нд гэртээ эргэж ирээд, Ноаг амьсгалахгүй байна хэмээн түргэн тусламжид дуудлага өгсний дараа охин эмнэлэгт хүргэгдсэн ч тэрээр аль хэдийн нас барсан байжээ.
Саки Какехаши Ноагийн эцгээс салсныхаа дараа, Токио дахь орон сууцдаа 2017 оноос хойш охины хамт амьдарч байсан. Хууль хяналтынхан түүнийг охиноо тогтмол удаан хугацааны турш ганцааранг нь үлдээж, хайхрамжгүй аашилдаг байсан гэж үзэж байна. Какехашигийн найз цагдаад “Тэр охиноо ямар ч хараа хяналтгүй орхиод, хэд хоногийн турш гадуур хонож, шөнө оройн цагаар гэртээ харьдаг байсан” гэжээ.
Ноа охин жил гаруй өдөр өнжүүлэх төвдөө очоогүй ч албаныхан ямар ч арга хэмжээ аваагүйд тус улсын иргэд ихээр бухимдаж байгаа юм. Харин Саки Какехаши энэ бүх явдлын үеэр өөрийн Инстаграм хуудаснаа аялал, зугаалгынхаа талаар олон тооны зураг оруулж байсан нь олон нийтийн эгдүүцлийг хүргэж байна.
Эх сурвалж: Kyodo News
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.